Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт энэ сарын 11-ний өдрийн 07-20 цагийн хооронд болно.
Тус өдөр бүх нийтээрээ амрах юм. Сонгогчдын боловсрол төвийн гүйцэтгэх захирал С.Оюунтуяа "Уг өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгож байгаа нь сонгогчдод саналаа өгөх боломжийг олгож байгаа хэрэг юм" хэмээн онцолж байна.
Энэхүү сонгуулиар иргэд сонгогчид аймаг нийслэлийн болон сум дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгоно. Өөрөөр хэлбэл, нийслэлийн сонгогч бол нийслэлийн хурлын төлөөлөгчөө, мөн дүүргийн хурлын төлөөлөгчөө сонгоно. Хөдөө орон нутгийн сонгогч бол аймгийн хурлын төлөөлөгчөө, үүний зэрэгцээ сумын хурлын төлөөлөгчөө сонгоно.
Тэгэхээр саналын хуудас хоёр хэсэгтэй байх бөгөөд тухайн тойргийн мандатын тооноос илүүгүйгээр саналаа тэмдэглэнэ. Мандатын тоо харилцан адилгүй тул сонгогч саналаа тэмдэглэхээс өмнө саналын хуудасны заавартай сайтар танилцаж, зааврын дагуу саналаа тэмдэглэнэ. Алдаа гаргаж буруу тэмдэглэсэн бол дахиад саналын хуудас авах боломжтой юм.