Олон улсын ойлголцлын төлөөх боловсролын Ази, Номхон далайн төв /APCEIU/ нь ЮНЕСКО-той хамтран энэ сарын 4-15-ны өдрүүдэд БНСУ-ын Сөүл хотноо боллоо. Энэ хүрээнд пэлхийн иргэний боловсролын талаарх багш, сурган хүмүүжүүлэгчдийн чадавхийг бэхжүүлэх олон улсын хоёр дахь удаагийн сургалтыг зохион байгуулав.
Уг сургалтад оролцсон Баян-Өлгий аймаг дахь Насан туршийн боловсролын төвийн захирал Б.Бахытгуль сургалтанд хамрагдсан тухай ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисст тайлангаа ирүүлсэн бөгөөд түүний тайлангийн хэсгээс дор нийтэлж байна.
Тэрбээр "“Олон улсын туршлага судлах тус сургалтанд 32 орноос нийтдээ 49 хүн оролцсон. Уг сургалтын хүрээнд Мянганы болон Тогтвортой хөгжлийн зорилго /ТХЗ/, зорилтууд, тэр дундаа ТХЗ дөрөв дэхь зорилгыг онцлон авч, ядуурлыг багасгах, дэлхийг хайрлан хамгаалах, хүний эрх, жендэрийн эрх тэгш байдал, хүчирхийллийн эсрэг тэмцэх, урьдчилан сэргийлэх, ногоон хөгжил, ногоон эдийн засаг, бүх нийтэд чанартай боловсрол олгох талын сургалтууд явагдлаа. Мөн соёлын ялгаа гэх мэт олон чухал асуудлыг хөндсөн иргэний боловсролд анхаарах, хамтдаа энхтайвныг цогцлоох, хамтдаа амьдарч, бусдыг ойлгох тухай санал асуулга, мэтгэлцээн явуулж, олон орны соёлын ялгаатай танилцаж, туршлага солилцон, бие биеэсээ суралцсан маш үр өгөөжтэй сайхан сургалт болж өнгөрлөө. Миний хувьд Баян-Өлгий аймагт Насан туршийн боловсролын төвийн захирлаар ажилладаг хэдий ч мэргэжлийн дагуу Баян-Өлгий "Empathy" сургуульд багшилдаг. Уг олон улсын сургалтаар багшийн заах арга зүйг өөрчлөх, сайжруулах, багшаар дамжуулж ирээдүй хойч үе болсон өсвөр үе, залуучуудыг хөгжүүлэх, дэлхий нийтийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах боломжийг боловсролоор дамжуулан олгох, ирээдүйг даярчлалын өнөө үед өөрчлөхөд хүн болгон хувь нэмрээ оруулах боломжтойг ойлгуулах их үйлсийн эзэд нь багш, сурган хүмүүжүүлэгчид юм гэдгийг ойлгосон. Миний бие тус сургалтанд хамрагдан БНСУ-ын Боловсролын яамны гэрчилгээ гардан авсан. Сургалтад хамрагдсаны дараа орон нутагтаа тодорхой ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Тус сургалтанд Монгол улсаа төлөөлж оролцсондоо, олон орны найз нөхөдтэй болж, тэдний хэл, соёл, шашины талаар мэдээлэл авч, соёлын ялгааг харж, туршлага солилцож, өөрийнхөө амьдралд маш том хөрөнгө оруулалт хийж нүд тайлсандаа би өөрөөрөө бахархаж, баярлаж байгаа ба ЮНЕСКО-ийн хамт олонд ажлын амжилт хүсье" гэжээ.