Сэлэнгэ аймгийн Орхон сумын “Буяндалай” компанийн захирал Л.Сүхбаатартай ярилцлаа.
-Жил бүрийн хамгийн анхны шинэ ургацын төмсийг эндээс хураан авдаг гэсэн. Шийрийн төмс ийнхүү эрт ургадаг нь газар нутгийн оцлог байна уу. Эсвэл?
-Сэлэнгэ аймгийн Орхон сумын “Шийр” суурингийн цаг агаар нь газар тариаланд маш таатай байдагтай холбоотойгоор шинэ ургацын төмсийг хамгийн түрүүнд хураан авах боломжтой байдаг. Шийрийн энэ хөндий их хөнгөн хөрстэй буюу элсэрхэг. Гэхдээ бид жил бүр нэг га газрыг 100 тонн малын бууцаар борддог. Бусад тариалангийн газар нутгийг бодвол маш эрт буюу жил бүрийн дөрөвдүгээр сарын 26-ны үеэр төмсөө тарьдаг. Мэдээж хамгийн анхны эрт болцын төмсийг хураан авахын тулд маш их арчилгаа, тордолгоо хийдэг. Улмаар долдугаар сарын 16-аас төмсөө хурааж эхлээд, наадмын амралт дуусахтай зэрэгцээд Улаанбаатар орж төмсөө борлуулдаг.
-Нийслэлчүүд Сэлэнгэ аймгийн буюу Шийрийн шинэ төмс идэж байгаа гэдгээ тэр бүр мэддэггүй. Бусад тариалангийн бүс нутгаас тийм эрт буюу долдугаар сард шинэ ургацын төмс хураан авч чаддаг уу?
-Монголд нийслэлчүүдийн хүнсэнд наадмын үеэр шинэ ургацын төмс нийлүүлдэг өөр аймаг байхгүй. Ховд аймагт эрт ургацын төмс зарим жил гардаг. Гэхдээ Улаантаараас хол учир нэлээд оройтож ирдэг. Сэлэнгэ аймгийн “Шийрийн төмс” гэдгийг хэрэглэгчид тэр бүр мэддэггүй. Учир нь “Барс” захын ченжүүд манай төмсийг худалдаж аваад, буцаагаад орлуулахдаа иргэд их мэддэг төмс гэдэг утгаар нь “Жаргалантын” төмс гэж зардаг байсан. Тиймээс ч иргэд Сэлэнгэ аймгийн буюу “Шийрийн төмс”-ийг долдугаар сараас хүнсэндээ хэрэглэж байгаа гэдгээ мэддэггүй.
-Таны хувьд хэчнээн га газарт тариалалт хийдэг вэ. Энэ жил хэчнээн га газарт тариалалт хийв. Ургацаа сайн авч чадав уу?
-Манай нийт эргэлтийн талбай 25-26 га талбайтай. Үүнээс 16 га газарт тариалалт хийсэн. Эрт ургацын төмс нэлээд арчилгаа шаарддаг учир олон га газарт тарьчихвал арчилж хүчрэхгүй. Тухайлбал, энэ жил нийт талбайгаа дөрвөн удаа усалгаа хийж байж наадмын үеэр хураалтаа хийх хэмжээнд төмсөө ургуулсан. Өмнө жилүүдэд 1-2 удаа усалгаа хийгээд л хураалтаа хийдэг байсан. Ийнхүү хоёр удаа усалгаа хийхээр нэг ширхэг төмсийг 317 төгрөгийн өртөгөөр ургуулсан байсан. Мэдээж дөрвөн удаа усалгаа хийхээр тэр хэрээр өртөг нь нэмэгдсэн байгаа. Энэ жилийн ажлаа дүгнэж, тооцоогоо гаргахаар мэдэгдэх байх.
-Хамгийн эрт ургацын төмс хураан авч, борлуулалтаа хийхийн тулд нэлээд их арчилгаа хийдэг гэлээ. Тэр хэрээрээ үнэтэй борлуулж чаддаг уу?
-Өнгөрсөн жил кг төмс 150-300 төгрөгийн өртөг руу орж байсан. Ийм ханштай болчихоор бид чинь бараг "боолын" хөдөлмөр эрхлэж байгаатай ялгаагүй болдог. Тэгэхээр бидний авах ёстой ашгийг ченжүүд л хүртээд байгаа юм. Учир нь биднээс 200 төгрөгөөр авсан төмсөө цааш нь 500 төгрөгөөс дээш ханшаар л борлуулдаг. Энэ жилийн тухайд 40 кг буюу нэг шуудай төмсийг 15 мянган төгрөгөөр авсан. Харин цааш нь борлуулахдаа кг төмсийг 600 төгрөгөөс дээш ханшаар борлуулж байгаа. Тиймээс тэдгээр ченжүүд биднээс 15 мянган төгрөгөөр авсан 40 кг төмсөө нэг дахин нуглууд 25-30 мянган төгрөгийн ашиг олж байна гэсэн үг.
-Та бүхэн чамгүй их хөдөлмөрлөж, хөрөнгө мөнгөө зарцуулан байж эрт ургацын төмсөө ургуулж байгаа. Тиймээс борлуулалтыг хийхдээ заавал ченжүүдээр дамжуулахгүй байх тал дээр ямар нэгэн доривтой алхам хийх ёстой юм байна?
-Жил бүр бид боломжийн үнээрборлуулалтаа хийхийн тулд хувиараа олон арга хэмжээ авах гэж хичээдэг. Гэсэн хэдий ч үр дүнд хүрдэггүй. Энэ тал дээр төрөөс нэгдсэн бодлого байхгүй учир бидний борлуулалтын асуудал хэдэн ченжүүдийн гарт орчихоод байгаа юм. Тэдний хэлсэн үнээр л бид төмсөө өгөхөөс өөр арга байхгүй болдог. Тиймээс бидний хамгийн том зах зээл болох Улаанбаатар хотод төмс хүнсний бөөний том захыг байгуулах хэрэгтэй. Хэрвээ тэгэж чадвал бид ченжүүдийн гараар дамжуулахгүй өөрийн машинтайгаа очоод, өөрсдийнхөө тогтоосон үнээр төмсөө борлуулах болно.