Дунд шатны Улаан загалмайн хороодын дарга нарын туршлага солилцох уулзалтыг зохион байгууллаа

Онцгой байдлын ерөнхий газар, Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн хамтын ажиллагааны хүрээнд төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс болон дунд шатны Улаан загалмайн хороодын дарга нарын туршлага солилцох уулзалтыг энэ сарын 4-5-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа нар оролцож, амжилт хүслээ.

Хошууч генерал Г.Ариунбуян хэлсэн үгэндээ “Хамтдаа ард түмнээ болзошгүй гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, гамшгаас хамгаалах нэрвэгдэгсдэд анхны тусламж болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, бэлэн байдлыг хангах, иргэд, олон нийтэд чиглэсэн мэдээлэл, сургалт, сурталчилгаа зохион байгуулахад хамтран ажиллахаар 2021-2025 онд 5 жилийн хугацаатай байгуулсан “Санамж бичиг”-ийн  үр дүнг хэлэлцэж, цаашид хамтран ажиллах чиглэлээ тодорхойлохоор цуглаад байна. Бидний хамтын ажиллагаа олон арван жилийн түүхийг бүтээсэн. Онцгой байдлын байгууллага, Улаан загалмайн байгууллагын авран туслах, энэрэн нигүүлсэх, хүмүүнлэгийн үйлсийн зорилго нэг билээ". хэмээн онцолсон юм.

Туршлага солилцох уулзалтад 21 аймаг, 9 дүүргийн Онцгой байдлын газар, хэлтэс болон  Улаан загалмайн  хорооны дарга нар хамрагдаж, Онцгой байдлын байгууллага болон МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн даргын газар, дунд шатны хорооны хамтын ажиллагааны талаар мэдээлэлтэй танилцаж, туршлага солилцов.

Хариу үлдээх

Please enter your comment!
Please enter your name here