Бидний ээж, аав хүүхэд ахуйдаа үеийн нөхдөөсөө илүүтэй номтой нөхөрлөх нь их байсан гэдэг. Өвөө, эмээ, ээж, аавдаа загнуулан байж ёстой хөнжил дотроо хүжийн гэрэлд ном унших нь холгүй байсан гэдэг. Гэтэл сүүлийн жилүүдэд бүх л зүйл цахимжиж ном унших нь эрс бага болсон. Учир нь залуус ном гэхээс илүүтэй интернэт, фэйсбүүк, компьютер тоглоомыг илүүд үзэх болсон нь нууц биш.
Гэхдээ цаг цагаараа байдаггүй гэдэг дээ. Монголчууд маань эргээд номонд дурлаж эхэлсэн байна. Тухайлбал, "Аз хур" номын дэлгүүр өнөөдрөөс эхлээд 72 цаг 72 хувийн хямдрал зарлаад байгаа юм. Тэгвэл аль нэг дэлгүүрийн хямдралд бөөн бөөнөөрөө дугаарлан зогсдог байсан ард түмэн өнөөдөр тархи цэнэшлэгч Номонд ийнхүү дугаарлаж байгаа нь сайн хэрэг. Харин "Аз хур" уншигч түмнийг битгий л гомдоогоосой билээ. Учир нь өнгөрсөн жил “Номин юнайтэд” их дэлгүүр “Хар баасан гаригийн хямдрал” гээчийг зарлаад Номингийн хямдралыг зорьсон автомашины түгжрэл, алхаж байгаа иргэдийн цуваа 3-4 км үргэлжилж, замын нэгдүгээр эгнээнд машин тавих зай олдохгүй хоёр гурван буудал газар болсон юмдаг. Улмаар дэлгүүрийн гадаа хөдөлгөөнт эргүүлийн 5 машин, цагдаагийн 30 орчим албан хаагч зохицуулалт хийж байсан ч цугласан мянга орчим хүнийг яагаад ч хүчрэхгүй байдал үүсч байсан. Цахилгаан бороохой, төрийн хувцас л цугласан олныг арайхийн намдаасан түүхтэй. Хамгийн харамсалтай нь том бараанууд нь хэдхэн төгрөгөөр хямдарсан болохоос гэр ахуй, хүнсний бараа гэх мэт жижиг бараанууд нь бараг хямдраагүй. Өөрөөр хэлбэл, "Номин"-ынхон иргэдийн хулхидаад өнгөрсөн юмдаг. Тиймээс "Аз хур"-ынханд захиж хэлэхэд "Номин"-ынхон шиг л иргэдийг хулхидав даа. Муу нэрийг хусав ч арилахгүй шүү дээ.