Ч.Дэлэгпунцаг: Онцгой байдлын албанд жинхэнэ эрчүүд л тунаж үлддэг

Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Үндэсний аврах бригадын Эрэн хайх, аврах салбарын усчин, аврагч, ахлах ахлагч Ч.Дэлэгпунцагтай ярилцлаа. Тэр үг дуу цөөтэй ч өөрийн гэсэн өвөрмөц үзэл бодолтой энгийн нэгэн алба хаагч юм. Ажилдаа чин үнэнч сэтгэлээр ханддаг түүний ярилцлагыг хүлээн авна уу.

-Таны ДХИС-д хичээл зааж буй эхний өдөр ярилцахаар ирсэндээ баяртай байна. Багш болсон сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-За тэгье. Зочин багшаар ажиллахаар ирсэн байгаа. Би энэ сургуулийг төгсөөд ажил, амьдрал дээр гарснаас хойш 15 жил өнгөрчээ. Дүү нартаа өөрийн сурсан мэдсэн, туршлагаасаа хуваалцах боломж гарсанд баяртай байна. Үнэндээ би онолоос илүү практикт итгэдэг хүн л дээ.  Азаар миний орох хичээл ихэнх нь практик байж таарлаа.  

-Онцгой байдлын ерөнхий газрын албан хаагч гэхээр хүмүүс ихэнхдээ гал сөнөөгчөөр төсөөлдөг. Таны хувьд “усчин, аврагч”-ийн үүргийг гүйцэтгэдэг. Усан дотор буюу өөр орчинд ажиллах ямар вэ?

-Манайх бол хамгийн тусгай үндэсний аврах бригад л даа. Усанд шумбаж ажилдаг маань манай мэргэжлийн онцлог гэж хэлж болно. Далай, нуурын ёроол гэдэг чинь чиний хэлдгээр маш өөр орчин шүү дээ. Бид нар дулааны улиралд өдөрт хоёроос гурван дуудлагад явдаг. Галын аюул осол шиг өдөр бүр мэдэгддэггүй ч гэсэн 21 аймаг, сумдад эрлийн ажиллагаа үргэлж явагддаг.

Бидний хувьд усан дор эрлийн ажиллагаа явуулна. Урсгал усанд 20-30 км, бүр түүнээс доошоо ч хүн урсаад алга болж болно. Усны эрлийн ажиллагаа гэж тусдаа явагддаг юм  л даа.

- Хэрвээ хүн усанд живсэн бол гурван минутын дотор хуурай газарт гаргаад хиймэл амьсгаа хийх шаардлагатай байдаг. Ийм давчуу хугацаанд амжиж ирнэ гэдэг маш хэцүү. Усчин, аврагчдын хувьд үргэлж эндсэн хүмүүсийн цогцостой ажилдаг уу?

- Тийм ээ. Дандаа цогцос олддог. Үүнийг “буцалтгүй нэрвэгдэгч” гэж нэрлэдэг.

- Бид хоёрын ярилцлага анхны гэх зүйлсээр эхэлсэн. Хамгийн анхны аврах ажиллагаанд явж байсан тэр дурсамж руу орох уу?

-Тэгье. Миний хамгийн анхны дуудлага Увс аймгийн хяргас нууранд 19 метрийн гүнээс буцалтгүй нэрвэгдэгч гаргах ажиллагаа байсан юм. Хамгийн анхны цогцос байсан. Их эвгүй байдаг юм билээ. Одоо ч гэсэн тэр үеийг тод санадаг л даа. Очиж нэг харчхаад хэсэг зогсож байгаад тэврээд дээш нь гаргасан. Анхны цогцос учраас тайвшрах хугацаа хэрэгтэй байсан юм. 

- Цогцостой ажиллаж сурахад хэр хугацаа зарцуулсан бэ?

-Хоёроос гурван жил зарцуулсан даа.

-Үргэлж цогцостой ажиллана гэдэг сэтгэлзүйн үүднээс бодсон ч тэр хүнд ажил шүү дээ. Та сэтгэл зүйчид ханддаг уу?

-Миний хувьд бол сэтгэлзүйчид хандаж үзээгүй. Харин ах нартайгаа, бүлгийнхэнтэйгээ сайхан ярьдаг. Сэтгэлзүйн зөвлөгөө өгсөн нийтийн сургалтад бол сууж байсан. Гэхдээ сэтгэл зүйчид хандах нь бол зөв шүү.

-Таны хамгийн том ажиллагаа юу байсан бэ?

-Онцгой байдлын алба хаагч нарт жижиг ажиллагаа, дуудлага гэж байдаггүй юм. Манай гал сөнөөгч нар ч гэсэн ялгаа байхгүй. Бид чинь онцгой албанд зүтгэдэг хүмүүс шүү дээ. Усчин аврагчид бол буцалтгүй нэрвэгдэгчээ олохоос нааш уснаас гарах, ажиллагааг зогсоох эрхгүй байдаг. Уснаас гарлаа гэж бодоход ямар нүүрээрээ ар гэрийнхнийх нь царайг харах юм. Ус хэчнээн хүйтэн байж болно. Гэхдээ  эрхэм хүнээ алдсан хүмүүсийн зовлонгоос илүү байна гэж хэзээ ч байхгүй. Тэр хүмүүсийн харц нь үнэхээр өрөвдмөөр. Ер нь Онцгой байдлын алба бол эр хүний бядыг шалгадаг газар л даа.  Мөн энэ албанд орсон л бол онцгой байх ёстой. Тэгж байж бид иргэддээ тусламж үйлчилгээ үзүүлж чадна. 

-Онцгой гэдэг нь....

-Онцгой хурдан сэтгэдэг, хурдан хөдөлгөөнтэй, уян хатан, ачаалал даах чадвартай, сэтгэлийн хаттай, хариуцлагатай, хүний зовлонг ойлгодог байхыг хэлнэ. Мэдээж ажилдаа нягт нямбай, хариуцлагатай хандахыг нэн тэргүүнд тавих хэрэгтэй. Бүр бусдаас илүү онцгой мэдрэмжийг ч шаардана. Жишээ нь ус янз янз байдаг. Бохир, булингартай юу ч харагдахгүй тохиолдол байна. Ийм үед бол хоёр дахь  хамгаалалтын аврагчтай олстой дохиогоор дээрээс харилцдаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл хоёр хүний цэвэр мэдрэмжийг шаардаж байгаа хэрэг л дээ.

-Сүүлийн жилүүдэд ДХИС-д олон хүүхэд элсэж ордог болсон байна. Таны төгсөж байсан үетэй харьцуулахад одоогийн хүүхдүүдийн чадвар хэр байна вэ?

-Хөдөө орон нутгаас ирж байгаа хүүхдүүд бол бие бялдар, тэвчээр хатуужил их сайтай шүү. Бас их яриа хөөрөөтэй. Ер нь орчин үеийн хүүхдүүд ачаалал даах чадвар их муутай болсон байна. Сэтгэл зүй нь ч гэсэн сул. Хүн, хүн өөр л дөө. Гэхдээ онцгой байдлын алба бол арай өөр газар л даа. Одоо энэ хүүхдүүдийг хараад байхад бушуухан сургуулиа төгсөөд ажил дээр гарахыг л хүсээд байх шиг байна. Гэхдээ ажлын талбар бол шал өөр газар угтана. Дүрэлзсэн гал дундуур орох зориг хэр баргын аавын хүүгээс гардаг ч эд биш. Булингартай усан дотор юу ч харахгүй, гараараа тэмтрээд цогцос хайх тэвчээр бас л захын нэг хүнээс гарахгүй шүү дээ. Онцгой байдлын албанд жинхэнэ эрчүүд л тунаж үлддэг. Цаг хугацаа харуулаад өгдөг юм. Одоо манай дарга нар гэхэд бүгд цагтаа бидэн шиг доороос эхлээд явсан. 

-Та ажил мэргэжлээрээ их бахархдаг юм шиг байна.

-Тэгэлгүй яах вэ. Их буянтай ажил шүү дээ. Би их дуу цөөтэй хүн л дээ. Гэхдээ яагаад ч юм бэ ажил мэргэжлийнхээ тухай ярьсан чинь огшчихлоо.  Миний ажлын хамгийн сайхан зүйл нь ерөөсөө л хүнд тусалж байгаа нь юм. Өргөсөн тангарагтаа өдийг хүртэл үнэнч яваа хамт олон, найз нөхдөөрөө ч бас бахархаж байна. 

-Та яагаад “усчин аврагч”мэргэжлийг сонгосон бэ?

-Багаасаа хүсэж мөрөөдсөн мэргэжил бол биш л дээ. Би спортоор их хичээллэдэг хүүхэд байлаа. Тухайн үед манай хамаатны ах бэлтгэл хурандаа А.Батмөнх гэж хүн онцгой байдалд ажилдаг байсан юм. Одоо тэтгэвэртээ гарчихсан. Нэг өдөр “Ахын дүү сагс ,волейболоо сайн тоглож байгаарай. Ах нь чамайг гоё албанд оруулж өгнө өө” гэж хэлсэн юм. Би ч дотроо юу гэж байгаа юм бол доо гэж бодоод л өнгөрсөн. Яагаад ч юм бэ арван жилээ төгсөөд ах руугаа ярьсан. Ингэж л усчин, аврагч болсон юм даа. Шагнал, урамшуулал авахаараа ах руугаа л ярьдаг. Маш их баярлаж байгаа шүү, таны хүчинд л  ийм сайхан явж байна гээд л талархсан сэтгэлээ илэрхийлдэг.

-Тэгвэл энэ мэргэжлийг сонгосондоо харамсаж байсан үе бий юу?

-Байхгүй гэж бол хэлэхгүй ээ. Онцгой байдлын албанд ажилдаг хүн бүр л ингэж бодож байсан байх. Хэцүү шүү дээ. Гэхдээ би харамссан сэтгэлээр үүргээ гүйцэтгэдэггүй. 

-Усан дотор ажиллахын сул тал нь юу вэ?

-Хамгийн түрүүнд усан дотор маш тайван байх ёстой. Сандрах л юм бол баларна шүү дээ. Мөн азотын хордолт гээд үе мөчний их хүнд өвчинд өртөх магадлалтай байдаг. Усны гүнд орлоо ч гэсэн азотын хордолтод орж байна аа гэсэн үг. Сандарч, хурдан гарвал чих дүлийрнэ, хэнгэрэг цоорно. Хялгасан судас хүртэл тасардаг. Энэ нь хамгийн том сул тал нь юм шиг санагддаг.

-Таныг Хөвсгөл далайг цэвэрлэх ажиллагаанд оролцсон гэсэн.

-Тийм ээ. Усчин аврагчаараа Хөвсгөл далайг цэвэрлэх ажиллагаанд гурван жил ажилласан. Сүхбаатар онгоц, арав орчим нэгж техникийг татан гаргасан. Бид нар тороос авч ороод холболт хийдэг. Тороос маань тасарвал буцаж ороод холбоно гээд л тасралтгүй ажилласан даа. Мэдээж ШУТИС-ийн эрдэмтэн, багш нартайгаа зөвлөлдсөн. 

-Таны шумбаж байсан уснаас хамгийн хүйтэн нь юу вэ?

-Энэ дуудлага 2019 онд ирж байсан юм. Төв аймгийн заамар сумын “Эко алтан заамар” хувьцаат компанийн 80 метрийн гүнтэй уурхайгаас хоёр буцалтгүй нэрвэгдэгчийг хайж орсон. Доороосоо булгийн хүйтэн ус ундраад л... Үнэхээр хүйтэн байсан шүү. Цэл хүйтэн. Экскаватортой ажиллаж байсан юм. 80 мерт гүн ухаж байсан чинь дээрээс нь шороо нураад экскаватортойгоо дарагдсан. Шатахуун, түлш нь задраад баларсан юм. Ус бол мөс болчихсон. Амьсгалахад зуултуур маань хөлдөөд  үнэхээр бэрх байлаа. Түлш, салиаркууд нь аманд амтагдаад л... Үнэндээ хэцүү байсан ч ар гэрийнхэн нь хүлээж байгаа гэж бодоод шазуураа зуугаад ажиллагаагаа үргэлжлүүлсэн дээ. 

-Ажиллагааны үед аврагч ч гэсэн эндэх боломжтой. Танд айж байсан үе бий юу?

-Хүн юм чинь айна. Гэхдээ би даалгавар биелүүлж яваа албан хаагч хүн шүү дээ. Надад тэр усан дотор эндэх эрх байхгүй. Хэчнээн олон хүн надад итгээд хүлээж байгаа билээ.  Би бол аврагч шүү дээ. Бусдыг аврах үүрэг хүлээсэн алба хаагч.

-Та өөрийгөө ч гэсэн аврах ёстой юу?

-Мэдээж. Хэрвээ би эндчих юм бол тушаал юу болох уу. Үүргээ биелүүлж яваад “чи эндээрэй” гэсэн тушаал надад буулгаагүй байхад түүнийг зөрчих эрх байхгүй.

-Ажил мэргэжлийн онцлогоосоо хамаараад ар гэрээ орхигдуулах тохиолдол олон гарч байсан байх. Ар гэрийнхэн нь хэр ойлгодог вэ?

-Миний эхнэр эмнэлгийн байгууллагад ажилдаг хүн л дээ. Энэ утгаараа сайн ойлгодог шүү. Мэдээж орхигдуулах тохиолдол бол олон гарсан. Ганцхан би ч биш онцгой байдлын албанд ажиллаж байгаа бүх хүмүүст тохиолддог асуудал юм уу даа. Заримдаа хүүхдийнхээ хичээлийг нь таслуулна. \Инээв\ Манай ажлынхан бас намайг орлоод хүүхдийг маань сургуульд нь хүргэж өгч, авдаг. Бид ингэж л нэг нэгэндээ тус дэмтэй ажилдаг даа.

 -“Манай дарга нар цагтаа бид нар шиг л байсан” гэж та хэлсэн. Тиймдээ ч та нарын ажил мэргэжлийг их ойлгодог уу?

-Энэ бол үнэн. Ажиллагааны үед багаж, техник асар хэрэгтэй байдгийг манай дарга нар маш сайн мэддэг. Дэд ахлагчаас хурандаа, генерал болсон хүмүүс шүү дээ. Онцгой байдлын албанд үүрэг гүйцэтгэж байгаагүй хүн бол манай ажлын онцлог, юу хамгийн их шаардлагатай байдгийг сайн мэдэхгүй байж таарна. 

Намайг анх ороход багаж техникийн хувьд маш дутмаг байсан. Одоо бол тэр үетэй харьцуулахын аргагүй гоё болсон. Цалин мөнгөний хувьд ч гэсэн амьдралд хүрэлцээтэй байдаг. 

-Та Турк улс руу туршлага судлах ажиллагаанд явсан уу?

-Явах гэж байсан юм. Гадаад паспортын асуудлаас болоод хасагдчихсан. \Инээв\ Хугацаа нь дуусчихсан байдаг юм  даа. Миний нэр бол хамгийн түрүүнд л цойлж явсан юм билээ. 

-Гадагшаа туршлага судлаад явахад манай аврагч нарын түвшин тэднээс хэр ялгаатай байдаг вэ?

 -Чадварын хувьд ч, техник технологийн хувьд ялгаа ерөөсөө байхгүй.  Би БНХАУ, Орос зэрэг улс руу туршлага судалж явахдаа нэг зүйлийг ажигласан юм. Тэд нар техник ашиглахыг илүүд үздэг юм билээ. “За үүнийг гялс хийчихье” гэхээр “Болохгүй, болохгүй чи бэртэнэ, техникээр хийнэ” гээд байдаг. Бид нар бол шууд гараараа гялалзуулчихна. \Инээв\ Гар чинь өвдөнө гээд л сандраад л байх юм билээ. Тэд нар техникээ ажиллуулах гэсээр байгаад аягүй их цаг авдаг. Олсоор буух, зангидах ажиллагааны дээр олон арга хэрэглэдэг ч тэр нь их удаан байдаг. Жаахан болхи талдаа гэх юм уу. Бидний хувьд бол хурдтай байдлыг чухалчилдаг.

-Та ахлах ахлагч цолтой. Ер нь хуучин аврагч гэсэн үг үү?

-Одоо болчихлоо. Ах нар маань ихэнх нь тэтгэвэртээ гараад явчихсан. Дүү нартаа зааж, сургах ажил оногдчихсон байгаа.

-Таны хувьд хамгийн ачаалалтай ажиллагаа юу байсан бэ?

-Төв аймгийн Лүн сумын түймэрт 35 хоног үүрэг гүйцэтгэсэн. Их урт хугацаа байсан. Мэдээж бид нар уулын мухарт очоод хэвтээд өгөхгүй шүү дээ. Нэг түймрээс нөгөө рүү маш хурдтай шилждэг байсан. Цаанаас зааж өгсөн хугацаанд багтааж унтраах тушаалтай очиж байгаа учраас маш өндөр ачаалалтай ажилласан. Нэгийгээ унтрааж дуусчхаад л нөгөө рүүгээ явж байх хугацаандаа хоолоо иднэ. Мөн бид гурван км замыг явган туулж, усаа зөөгөөд дээшээ өгсдөг байлаа.

-Одоо ДХИС-д элсэн суралцахаар төлөвлөсөн, суралцаж байгаа дүү нартаа юу гэж хэлмээр байна.

-Аврагч гэдэг бол их сайхан мэргэжил хэдий ч маш их зүйлийг шаарддаг. Хэрвээ сурахаар ирсэн бол сурсан шиг сурах хэрэгтэй. Ажил дээр гараад чи хэнд ч чирэгдэл учруулж болохгүй. Дүрэмт хувцас өмсөөд явна гэдэг бол үгээр хэлэхийн аргагүй тийм сайхан мэдрэмж байхгүй юу. Хамгийн чухал нь өмссөн дүрэмт хувцсандаа эзэн байгаарай гэж хэлье даа.

-Таны дараагийн алхам юу вэ?

-Ганцхан миний гэлтгүй манай салбарын дараагийн алхам бол дуудлага бүрт бэлэн байх юм. Харин минийх бол алба үүргээ нэр төртэй гүйцэтгээд тэтгэвэртээ гарах байна даа. 

-Та тэтгэвэртээ гараад юу хийхийг хүсэж байна вэ?

-Аялана даа. Хамгийн түрүүнд гэр бүлээрээ сайхан аялалд явна.

Эх сурвалж: www.interview.mn / А.Даваадулам

Хариу үлдээх

Please enter your comment!
Please enter your name here