Өнгөрсөн долоо хоногийн мэдээгээр амбулаторид суурилсан тандалтын нэгжүүдэд нийт 277 320 хүн тусламж үйлчилгээ авчээ. Үүнээс 21 367 буюу 7.7 хувь нь томуу, томуу төст өвчний оноштой байгааг ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын дарга Л.Баттөр мэдээлэв.
Тэрбээр мэдээлэлдээ, “Эмнэлэгт суурилсан тандалтын нэгжүүдийн мэдээллээр 9643 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 3087 нь буюу 32 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдвар гэсэн оноштой хэвтэн эмчлүүлж байна. Энэ нь томуу, томуу төст өвчний хүндрэл гэсэн үг. Энэ тооны хамгийн гол үзүүлэлт нь өнгөрсөн жилийн энэ үеийнхтэй харьцуулахад 10 хувиар илүү байна.
Мөн нийт өвчлөгсдийн 47.1 хувь, амьсгалын замын цочмог хүнд халдварын 72 хувийг тав хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна. Энэ хүндрэлээр өвдөж байгаа бүлэг нь тав хүртэлх насны хүүхдүүд байна. Таван хүн тутмын нэг нь хүүхдүүд байна гэсэн үг. Үүнийг өнгөрсөн долоо хоногийн мэдээтэй харьцуулахад 8.5 хувиар нэмэгдсэн үзүүлэлт гарсан. Бид нийгмийн эрүүл мэндийн хариу арга хэмжээг эрт авч, вакцинжуулалтыг эхлүүлсэн. Улаанбаатар хотын зорилтот бүлгийн 90.4 хувь нь томуугийн вирусийн эсрэг вакцинд хамрагдсан. Ер нь энэ өвчлөл арванхоёрдугаар сарын сүүлчээр нэмэгддэг. Тиймээс эрсдэлт бүлгийн хүмүүс өрхийн эмнэлэгтээ вакцинд хамрагдах боломжтой” гэв.
Мөн тэрбээр, агаарын бохирдол зүрх судас, томууг улам хүндрүүлж, өвчлөл хүндрэхэд нөлөөлж байна. Манай улсад гадаад болон дотоод орчны агаарын бохирдол их байна. Агаарын бохирдолд 65-аас дээш насны ахмад настан, жирэмсэн эхчүүд, бага насны хүүхдүүд илүү өртөх эрсдэлтэй. Тиймээс олон хүн цугласан үйл ажиллагааг аль болох бага зохион байгуулах, олуулаа цугласан бол амны хаалт зүүх, гэр болон албан тасалгаанд HEPA шүүлтүүр бүхий агаар цэвэршүүлэгч ашиглахыг зөвлөв.