“Эзэн хичээвэл заяа хичээдэг” гэж тэрбээр хэлэх дуртай. Бусдад гэм хоргүй, хүлээсэн үүрэг, оноогдсон ажлаа хийгээд, сурсан мэдсэнээ хуваалцаж, суралцах нь түүний зарчим. “Мөрөөдөл биелдэг юм” төсөлд хамрагдан, нулимсаа тэвчиж ядан зогсох түүний дотоод сэтгэлд баяр, бахархлын өдрүүд нь эргэн дурсагдах мэт болсныг ч тэрбээр нуугаагүй. Ахлах ахлагч Ш.Булгантогтох бол энэ удаагийн nematimes булангийн зочин. Тэрбээр Архангай аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын аврагч-химичнээр үүрэг гүйцэтгэж байна.
-Миний бие Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрж, өссөн. Таван хүүхэдтэй айлын дундах нь. Аав маань нэгдлийн жолооч, ээж маань саальчин хийж байгаад гавьяаныхаа амралтад гарсан. Сумын арван жилийн сургуульд 1991-2001 онд суралцаж, 2001-2003 онд Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд мужаанчин мэргэжил эзэмшиж, 2003-2004 онд Зэвсэгт хүчний 120 дугаар ангид цэргийн алба хаасан. Албаа хаагаад ирсэн жил буюу 2005 онд цэргийн алба хаасан хүмүүсийг ажилд сонгон шалгаруулж авч байна гэсэн зарын дагуу тухайн үеийн Онцгой байдлын хэлтсийн Аврах отрядад /одоогийн Архангай аймгийн Онцгой байдлын газар/ очиж, шалгаруулалтад тэнцсэнээр мөрөөдлөө биелүүлж байлаа.
-Онцгой байдлын байгууллагад үүрэг гүйцэтгээд 19 жил болж байна. Анхны дуудлага “Чулуут” голд бага насны хүүхэд осолдсон дуудлагаар ажиллаж байлаа. Айж, сандарч байсанаа л тод санадаг юм. Эрлийн ажиллагаа хоёр хоног үргэлжилж, цогцсыг нь олж, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн. Тухайн үеэс л аврагч хүн ямар байх, өөрийгөө хэрхэн бэлдэхэд анхаарч, аврагч ах нар, хамт олноосоо суралцаж эхэлсэн. Түүнээс хойш 1100 гаруй удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлагаар ажиллаж, 250 хүний амь нас, 1.5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна. Аврах ажиллагаа бол баг хамт олны ажил.
-Манай аймгийн хувьд Хангай нуруу, нурууны салбар уулс үргэлжлэн тогтдог учир бартаа саад ихтэй. Ой, мод, томоохон гол, нуур ихтэй учраас ой, хээрийн түймэр, уснаас эрэн хайх, аврах ажиллагаа, зам тээврийн осол, мал, амьтны гоц халдварт өвчин гээд бүхий л төрлийн дуудлага зонхилдог. Сүүлийн жилүүдэд газар хөдлөлтийн чичирхийллийн тоо, давтамж ч нэмэгдэж байна. Миний хувьд 2009 онд “Өгий” нууранд зуны гүний усны шумбалтын дадлага сургууль хийж байхдаа 12 метрийн гүнд шумбалт хийсэн нь хамгийн гүн нь. Онцгой байдлын ерөнхий газраас зохион байгуулдаг сургалт, дадлагад тогтмол хамрагдаж, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлсэн. Шинээр томилогдсон алба хаагчдаа халамжлан хүмүүжүүлэгчээр дадлагажуулан, гүний усны шумбалт, мандлын сэлэлт, өндрөөс аврах ажиллагаа, зам тээврийн ослын үеийн аврах ажиллагаа, эрэн хайх ажиллагаа гээд бүх төрлийн ажиллагаанд сэтгэл зүй болоод багаж хэрэгсэлтэй хэрхэн зөв ажиллах талаар заавар, зөвлөгөө өгч, ажлын гараанд нь бэлдэж дадлагажуулж ажилладаг.
-Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс дахь НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний IV мотобуудлагын батальонд Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн нэг болж, 2014-2015 онд буудагчаар үүрэг гүйцэтгээд ирсэн. Эрс тэс уур амьсгалтай, маш бөгчим халуун газар. Монгол цэргүүд дасан зохицох чадвар сайтай учраас бусад улсын цэргүүдээс ялгардаг. Сар бүр НҮБ-аас шалгалт ирэх үед Монгол цэргүүд үргэлж л манлайлж ажилладаг байсныг дурсахад таатай байна.
-Онцгой байдлын байгууллагын Хойд бүсийн урлагийн их наадам 2016 онд Архангай аймагт зохион байгуулагдах морин хуур анх тоглож сурсан. “Булган уулын магтаал” тоглох дуртай. Монголчуудынхаа өв уламжлан ирсэн энэ сайхан хөгжмийг тоглож сурсандаа маш их баяртай байдаг. Цаашид үр хүүхэддээ өвлүүлэн үлдээж, зааж сургахыг зорьж байна. Шагай харвааны спортоор 2012 оноос хойш хичээллэж байгаа. Шагай харвах нь багаар ажиллах, төвлөрөх, тайвшрах зэрэг олон давуу талтай. Бас мөсөн шагай харвааг 2017 оноос “тоглож” байна. Мөсөн шагай харваа нь улирлын шинж чанартай, түүгээрээ онцлогтой наадгай. Энэ бүхэн тэвчээртэй байхад, сэтгэлзүйгээ бэлтгэхэд маш том дэмжлэг болдог.
-Эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Миний эхнэр Б.Түмэндэмбэрэл цэцэрлэгт багшаар ажилладаг. Том охин VI ангид, бага охин III ангиийн сурагч. Ханьтайгаа анх 2010 онд Төвшрүүлэх суманд албаны ажлаар явж байгаад танилцаж, 2013 онд гэр бүл болсон. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч 2024 оныг “Ахлагчийн жил” болгон зарласантай холбогдуулан Архангай аймгийн Онцгой байдлын газрын “Ахлагчийн зөвлөл”-өөс санаачлан хэрэгжүүлсэн “Мөрөөдөл биелдэг” төсөлд миний бие хамрагдсан. Төслийн хүрээнд нийгмийн баталгааг хангаж, мөрөөдлийн байшинг минь “сүндэрлүүлж” хүлээлгэж өгсөн. Онцгой байдлын байгууллагын удирдлага, мөр зэрэгцэн ажилладаг хамт олондоо маш их баярласнаа хэлмээр байна. Эзэн хичээвэл заяа хичээдэг гэдгийн жишээ гэж ойлгож байгаа. Аливаа бүхэнд ноён нуруутай байх юмсан гэж үргэлж хичээж явна даа.