Манай улсын эдийн засаг энэ онд 7.4 хувиар өсөхөөр байна.
Нүүрсний олборлолт өндөр түвшинд хадгалагдах, Оюутолгойн зэсийн баяжмалын үйлдвэрлэл нэмэгдсэнээр уул уурхайн салбарын өсөлт эрчимжих хүлээлттэй. Хөдөө аж ахуйн салбар зудын хүндрэлээс сэргэх, төсвийн төлөв сулрах, эрчим хүч, дэд бүтцийн томоохон төслүүд хэрэгжиж, хөрөнгө оруулалт нэмэгдэх нь уул уурхайн бус салбарын өсөлтийг тэтгэхээр байгаа. Дунд хугацаанд төслийн бүтээн байгуулалтууд 2026 оны турш үргэлжилж, эдийн засгийн өсөлтийг дэмжих бол 2027 оноос гадаад эрэлт саарах, хөрөнгө оруулалт багасах, худалдааны нөхцөл муудах зэрэг нь өсөлтийн төлөвийг сааруулахаар байгаа аж.
Түүнчлэн, инфляц энэ оны туршид зорилтоос давж, 2026 оны хоёрдугаар улирлаас зорилтын интервалд тогтворжих төлөвтэй. Дотоодын гурил, мах, махан бүтээгдэхүүний үнэ өсөж, хүнсний инфляц ирэх улирлуудад нэмэгдэхээр байна. Дотоод эрэлт нэмэгдэж, төгрөгийн ханш суларч байгаа нь импорт, дотоодын барааны үнийг өсгөж, нийт инфляц энэ оны туршид хоёр оронтой тоонд хадгалагдахаар байгаа. Ирэх оноос эдийн засгийн идэвхжил алгуур саарч, төрийн зохицуулалттай үйлчилгээний үнийн өсөлтийн суурь нөлөө арилснаар инфляц 2026 оны 2-р улирлаас зорилтын интервалд тогтворжихоор байгаа аж. Эдгээрт цаг агаарын гэнэтийн үзэгдэл, ААНБ-уудын дулаан, цахилгааны төлбөрийн дам нөлөө хүлээлтээс их байх, мега төслүүдийн хэрэгжилт, төсвийн тодорхой бус байдал, валютын ханшийн төлөв нь нөлөөлж болзошгүйг Монголбанк мэдээллээ.
Инфляц энэ оны нэгдүгээр сард 9.6 хувьд хүрч, өмнөх сарынхаас 0.6 нэгж хувиар нэмэгдэж, эдийн засгийн идэвхжил, цалингийн өсөлтийг дагаад үйлчилгээ, түрээс, импортын барааны үнийн өсөлт хүлээлтээс өндөр байв. Цахилгааны төлбөрийн өсөлт, түүний дам нөлөө инфляцыг нэмэгдүүлсэн бөгөөд хэрэглээний сагсны 410 бүтээгдэхүүн дотроос 8-аас дээш хувиар өссөн бүтээгдэхүүний тоо олширч, нийт сагсны 48 хувийг бүрдүүлжээ.
Гадаад худалдааны эргэлт сайн байж, тээврийн салбар 23.1 хувиар нэмэгдлээ. Дотоод эрэлтийн нөлөөгөөр үйлчилгээний бусад салбар 8 хувиар тэлснээр үйлчилгээний салбар нийт эдийн засгийн өсөлтийн 4.8 нэгж хувийг бүрдүүлэв. Эдийн засгийн идэвхжил, импортын өсөлтийг даган татварын орлого бүрдүүлэлт сайжирч, бүтээгдэхүүний цэвэр татвар 16.1 хувиар нэмэгдсэнээр өсөлтийг 2 нэгж хувиар дэмжсэн байна.
Нүүрс олборлолт 100 сая тоннд хүрч, Оюутолгойн зэс, алтны үйлдвэрлэл нэмэгдсэнээр уул уурхайн салбар 10.8 хувиар нэмэгдсэн бол өнгөрсөн онд 9.4 сая толгой мал хорогдсоноор ХАА салбар 28.7 хувиар агшжээ.