Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 104 жилийн ойн хүрээнд цэрэг эх орны сэдэвт яруу найргийн өв санг баяжуулах, цэргийн алба хаагчид, ард иргэд, хүүхэд залуучуудад төрөлх нутаг, тусгаар тогтнол, түүх соёлоороо бахархах сэдлийг төрүүлэх, цэрэг-эх оронч үзлийг төлөвшүүлэх, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, яруу найргийн шилдэг бүтээлүүдийг сурталчлан нийтийн хүртээл болгох зорилгын дор зохион байгуулагддаг "Эх орны цэрэг-2025" яруу найргийн наадам ёслол төгөлдөр болж өндөрлөлөө.


Энэ жилийн наадамд 157 найрагч 360 гаруй шүлгэн хүлгээ сойж уралдуулснаас хоёрдугаар шатны шалгаруулалтад шилдэг 26 яруу найрагч тэнцэж, 1939, 1945 оны дайнд оролцсон нэгтгэл, ангиудын байлдааны тугийн дор шүлэг найргийн их хурыг буулгав.
1989 оноос хойш зохион байгуулагдаж, бага "Болор цом" хэмээн алдаршсан энэхүү наадамд энэ жил 98 цэргийн алба хаагч оролцсоноороо онцлог байв.
Наадмын тэргүүн, жанжны сэлэмт найрагчаар "Хантамир" яруу найргийн төвийн уран бүтээлч, яруу найрагч Ч.Бямбадолгор тодорсон нь энэхүү наадмын түүхэнд бүсгүй найрагч тэргүүлсэн анхны тохиолдол боллоо.