Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин байгуулагдсаны 104 жил, монгол цэргийн өдөр өнөөдөр тохиож байна.
Тэртээх 1921 оны гуравдугаар сарын 18-ны өдөр жанжин Д.Сүхбаатарын байгуулан удирдсан Ардын цэрэг Хиат хотыг чөлөөлжээ. Хожим Цэргийн явдлын яамны сайд, Бүх цэргийн жанжин, Маршал Х.Чойбалсан Монгол Ардын хувьсгалт цэргийн ойн баярын өдрийн тухай тогтоол гаргах хүсэлт тавьж, БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн 1946 оны тавдугаар сарын 28-ны өдөр хуралдсан 32 дугаар хурлаар энэхүү баярын өдрийг тэмдэглэх тухай хэлэлжээ. Улмаар Монгол Ардын журамт цэрэг Хиагт хотыг чөлөөлж анхны ялалтаа байгуулсан гуравдугаар сарын 18-ны өдрийг “Хувьсгалт цэргийн баярын өдөр” болгон жил бүр улс нийтээр ёслон тэмдэглэх тогтоол гаргаж, энэ өдрийг цэргийн алба хаагчдын амралтын өдөр болгосон түүхтэй.
Харин 2003 оны арванхоёрдугаар сарын 18-нд УИХ-аас баталсан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиар гуравдугаар сарын 18-ныг “Зэвсэгт хүчний өдөр” хэмээх болсон байна. Гэвч энэхүү өдрийг зөвхөн батлан хамгаалах салбарын хэмжээнд тэмдэглэдэг нь дутагдалтай гэж үзсэн тул батлан хамгаалах үйл хэрэгт хувь нэмрээ оруулж буй, оруулах, тангараг өргөж цэрэгт алба хаасан, хаах бүх нийтийн баяр болгох үүднээс 2011 онд “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль”-ийн 5.1.2-ын “Зэвсэгт хүчний өдөр” гэснийг “Монгол цэргийн өдөр” болгон нэмэлт өөрчлөлт оруулжээ.