827 иргэнд ипотекийн зээл олгожээ

Монгол банк болон Засгийн газар хамтран есдүгээр сард 24.6 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн санхүүжилт гаргасан байна. Үүнээс 258 зээлдэгчийн 15.7 тэрбум төгрөгийн зээлийг Монгол банкнаас санхүүжүүлсэн бол 133 зээлдэгчид 8.9 тэрбум төгрөгийг Засгийн газраас олгожээ.

Мөн банкнуудын ипотекийн зээлийн тайланг энэ оны наймдугаар сарын байдлаар нэгтгэсэн байна.

Энэ дүнгээр ипотекийн зээлийн нэгдсэн үлдэгдэл 4.1 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс найман хувиар өссөн байх юм. Сүүлийн нэг жилийн хугацаанд банкууд 827 зээлдэгчид 39.9 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосон байна. Нийт зээлийн үлдэгдлийн 95.3 хувь нь хэвийн, 2.8 хувь нь хугацаа хэтэрсэн бол 1.9 хувь нь чанаргүй зээлд шилжжээ.