Энэ хавар 655.5 мянган га талбайд тариалалт хийнэ

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны энэ сарын 8-ны өдрийн хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр “Хаврын тариалалтын бэлтгэл ажил” сэдвээр мэдээлэл хийв.

Хаврын тариалалтын бэлтгэл ажлын хувьд улсын хэмжээнд 2025 онд нийт 655.5 мянган га талбайд тариалалт хийхээс үр тариа 360.7 мянган га-д, төмс 20.1 мянган га-д, хүнсний ногоо 18.8 мянган га-д, тэжээл 141.1 мянган га-д, тосны ургамал 103.7 мянган га-д, жимс жимсгэнэ 7.9 мянган га-д тус тус тариалахаар ажиллаж байна. Малын тэжээлийн тогтвортой хангамжийг бүрдүүлэх, сэлгээний таримлын нэр төрөл, экспортод чиглэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор атар газрыг тариалангийн эргэлтэд оруулах ажлыг зохион байгуулж байгааг салбарын сайд мэдээлэлдээ дурдав.

Түүнчлэн улсын хэмжээнд нийт 45.4 мянган тонн үрийн улаанбуудайн нөөцтэй байгаагаас тариалан бүхий аж ахуйн нэгжүүдэд 35.0 мянган тонн, “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-д 3.5 мянган тонн, үр үржүүлгийн аж ахуйн нэгжүүдэд арилжааны зориулалттай 7.0 мянган тонн үр хадгалж байна. Тариалангийн долоон аж ахуйн нэгж 4.3 мянган тонн үрийн улаанбуудай импортоор авах зөвшөөрөл авсан. Улсын төсвийн 1.4 тэрбум төгрөгөөр зургаан төрлийн тэжээлийн таримлын 360 тонн үр нийлүүлэхээр ажиллаж байгааг дурдав.

Таримлын сэлгээ, малын өндөр уурагт тэжээлийн нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК есөн төрлийн тэжээлийн таримлын үр 1600 тонны нөөц бүрдүүлэн зээлээр олгосон. Тариалангийн талбайг элэгдэл эвдрэлээс хамгаалах, хөрсний үржил шимийг сайжруулах зорилгоор улсын төсвийн 9.7 тэрбум төгрөгөөр тариалан бүхий аймгуудад нийт 370.8 мянган ширхэг төмөр бетон шон, тэрбум төгрөгөөр дөрвөн байршилд 102.3 км тариалангийн талбайд ойн зурвасыг байгуулахаар төлөвлөөд байгаагаа хэллээ.

Хариу үлдээх

Please enter your comment!
Please enter your name here