Инфляц 0.3 хувиар нэмэгджээ

Монголбанк инфляцын түвшинг зорилтот хэмжээнд хүргэхийг зорьж байна. 

Инфляц өнгөрсөн сард 9.1 хувьтай гарсан нь өмнөх сарынхаас 0.3 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Энэ жил цалин, тэтгэвэр, цахилгааны тариф өссөн шалтгаанаар инфляц зорилтоос дээш байх эрсдэлтэй байна. 

Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа ярихдаа "Төв банкаас инфляцыг хамгийн ихдээ найм байна гэж үздэг. Энэ жил инфляц хэдийн 9 хувьд хүрсэн, цаашид ч өсөх эрсдэлтэй учир богино хугацаанд зорилтот түвшинд хүргэх бодлого барьж байна. Тухайлбал, хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааг 10 хувь багасган, 50 хувьд хүргэж, заавал байлгах нөөцийг 1.7 их наяд төгрөгөөр татсан. Бодлогын хүүг хоёр нэгж хувиар нэмлээ. Инфяцийн өсөлтөд мах, ногоо гурил зэрэг бүтээгдэхүүн голчлон нөлөөлж байна. Эдгээр бүтээгдэхүүнийг тогтвортой нийлүүлж, өртгийн гинжин хэлхээг бий болгоход Засгийн Газрын оролцоо чухал. Монголбанкнаас 2024 оны сүүл, энэ оны эхний гурван сарын эдийн засгийн тоон мэдээлэлд үндэслэн, ирэх хоёр жилийн инфляцын түвшинг 7.7 байх төсөөллийг гаргасан ч АНУ-ын тарифын бодлоготой холбоотой шинэчлэх шаардлага үүссэн. Эдийн засгийн өсөлтийн энэ оны эхний улирлын гүйцэтгэлд үндэслэн мөнгөний бодлогын ээлжит хуралдаанаар шинэчилсэн төсөөллийг зургаадугаар сард хэлэлцэнэ" хэмээв. 

Хариу үлдээх

Please enter your comment!
Please enter your name here