Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинэ Хархорум хотын төлөвлөлттэй танилцлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Хархорум хотын ерөнхий төлөвлөлт, бүтээн байгуулалтын төлөвлөлттэй газар дээр нь танилцлаа.

Шинэ Хархорум хотыг Архангай аймгийн Хотонт, Хашаат, Өгийнуур, Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутагт Орхоны хөндийн 189 мянган га талбайд 500 мянган хүн амтай суурьшлын бүс, 4Е ангиллын олон улсын нисэх онгоцны буудал, хөдөө аж ахуйн кластер, 4800 га-д тээвэр логистикийн нэгдсэн төв, 2450 га-д Өгийнуурын аялал жуулчлалын бүсийг байгуулахаар төлөвлөсөн байна. 

Хархорум хотыг байгуулахаар Ерөнхийлөгчийн зарлиг, УИХ, Засгийн газрын холбогдох тогтоолуудыг гаргасан байдаг. Энэ дагуу Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тус хотын байгуулалтыг хэрэгжүүлэхээр тусгасан. 

Хархорум хотын тал хувийг ногоон байгууламжтай, сэргээгдэх эрчим хүчээр цахилгааны хэрэглээг шийдэхээр эхний ээлжид төлөвлөж байгаа бөгөөд хангайн бүсийн эдийн засгийн тулгуур хот болгох бүрэн боломжтой гэдгийг төсөл хэрэгжүүлэгчид Ерөнхий сайдад танилцуулав. 

Эртний нийслэл Хархорум хотын туурийн хайгуул, малтлага, судалгааны ажлыг эрчимжүүлэх, Улаанбаатар-Лүн чиглэлийн 6 эгнээ, 101.7 км, Лүн-Хархорум чиглэлийн 4 эгнээ, 189.6 км авто зам, Улаанбаатар-Хархорум чиглэлийн 1-р зэрэглэлийн төмөр замын зураг төсөл, бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх зэрэг эхний ээлжид тулгамдаж буй асуудлууд байгаа юм.

Хариу үлдээх

Please enter your comment!
Please enter your name here