УИХ дахь МАН-ын бүлэг хуралдан хоёр асуудал хэлэлцэв. Хурлын эхэнд Монголбанкны 2012-2016 оны үйл ажиллагаанд хийсэн шалгалтад үндэслэн УИХ-ын тогтоолын төсөл гаргах тухай бүлгийн гишүүд хэлэлцээд зүйтэй гэж үзжээ. Дээрх тогтоолын төсөлд Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжийг хууль бусаар сонгон шалгаруулсан, хөтөлбөрийн хэрэгжилтэд тавих хяналтыг хангалтгүй зохион байгуулсан, хөнгөлөлттэй зээлийн зарим хэсгийг зориулалт бусаар зарцуулах боломжийг олгосноор төрд их хэмжээний хохирол учруулсан Монголбанкны тухайн үеийн нэр бүхий өмнөх албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг үүрэг болгохоор тусгажээ.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “Шалгалтын дүнгээс харахад өнгөрсөн дөрвөн жилийн эдийн засгийн гол дампуурал нь Монголбанкны үйл ажиллагаанаас болсон гэсэн дүгнэлтэд хүрч байна. Монголбанкнаас авч хэрэгжүүлсэн олон төсөл хөтөлбөр хууль зөрчсөн учраас хариуцлага хүлээлгэх ёстой гэж үзлээ. УИХ дахь АН-ын бүлэг шалгалт хийх ажлын хэсэгт оролцоогүй, улстөржсөн дүгнэлт гаргасан гэж ярьж байгаа. Бид цөөнх байхдаа Монголбанкинд шалгалт хийх тухай асуудлыг УИХ-ын даргад удаа дараа тавьж байсан ч тодорхой шийдэлд хүрээгүй. Энэ удаагийн ажлын хэсгийн шалгалтын санал, дүгнэлтийг АН-ын бүлгийн гишүүд хүлээн зөвшөөрөхгүй байж болно. Зарчмын хувьд олон улсын байгууллагаас Монголбанкны 2012-2016 оны үйл ажиллагаанд хийсэн ерөнхий аудитын дүнтэй нийцэж байгааг Монголбанкны одоогийн ерөнхийлөгч Н.Баяртсайхан УИХ-ын чуулган, байнгын хорооны хуралдаан дээр хэлсэн” гэлээ.
Монголбанкинд шалгалт хийсэн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Ажлын хэсэгт АН-ын гишүүдийг оруулаагүй гэдэгтэй санал нийлэхгүй. Ажлын хэсэг байгуулах асуудлыг байнгын хороогоор нээлттэй хэлэлцэж, оролцох хүсэлтэй долоон гишүүнийг хамруулсан. Монголбанк өнгөрсөн жилүүдэд хэрэгжүүлсэн уламжлалт бус арга хэрэгслүүдийн хүрээнд Үнэ тогтворжуулах, “Сайн” хөтөлбөрүүд, АСЕМ-ын санхүүжилт зэрэг арга хэмжээнд зориулж зээл олгохдоо хууль зөрчин бодлогын хүүгийн төвшнөөс хэт бага хэмжээнд зээлийн хүүг тогтоож, зах зээлд их хэмжээний мөнгө нийлүүлсний улмаас төгрөгийн худалдан авах чадвар огцом доройтож, банкны алдагдал өссөн. 2011 онд Монголбанк 179 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байсан бол 2012 оноос алдагдалтай ажиллах болсон. 2016 оны эцэс гэхэд хүүгийн, санхүүгийн үүсмэл хэрэгслийн буюу своп, форвард хэлцэл, гадаад валют арилжааны болон бусад хүчин зүйлсийн нөлөөнөөс болж Монголбанкны хуримтлагдсан алдагдал 3 их наяд 19 тэрбум 300 сая төгрөг болоод байна” гэв.
Бүлгийн хурлаар хэлэлцсэн хоёр дахь асуудал нь Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл байв. УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Я.Содбаатараар ахлуулсан ажлын хэсэг Үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг тал бүрээс нь судалж, гишүүдийн саналыг авч байгаа ажээ.
Ж.Өөдлөн