Наймдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Цаг уур орчны шинжилгээний газраас наймдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөвийг гаргажээ.

Баруун аймгуудын нутгаар. Баян–Өлгий, Увс, Ховдын нутаг, Говь–Алтайн ихэнх, Завханы баруун хэсгээр агаарын температур ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим байх аж.  Нэгдүгээр арав хоног, гуравдугаар арав хоногийн дунд үеэс хойш ихэнх нутгаар ОЖД–аас ялимгүй 0.5–1.5°С–аар хүйтэн байна. Хоёрдугаар арав хоног, гуравдугаар арав хоногийн эхэн хагас үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас 1–3°С–аар дулаан  зарим үед өдөртөө 30 градсыг давж халах төлөв гарчээ. Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, борооны өмнө салхины хурд түр зуур ширүүсч нөөлөг салхи ажиглагдах магадлалтай байна.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас дулаан хур тунадас  нийт нутгаар ОЖД–ийн орчим орох төлөвтэй байна. Агаарын температур нэг болон гуравдугаар арав хоногийн сүүл үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас ялимгүй 0.5–1.5°С–аар сэрүүн байх аж.  Хоёрдугаар, гуравдугаар арав хоногийн эхэн үе хүртэл ихэнх нутгаар ОЖД–аас 1–3°С–аар дулаан байх төлөв гарчээ. Нэгдүгээр арав хоног болон хоёдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, зарим үед борооны өмнө салхины хурд түр зуур ширүүсч болзошгүй.

Зүүн аймгуудын нутгаар. Агаарын дундаж температур нийт нутгаар дулаан, хур тунадас нийт нутгаар ОЖД–ийн орчим орно. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас сэрүүн байх аж. Нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас дулаан байх төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, нөөлөг салхи ажиглагдах магадлалтай.

Говийн аймгуудын нутгаар. Өмнөговийн ихэнх, Дорноговийн өмнөд хэсгээр  дулаан, хур тунадас ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөв гарчээ. Агаарын температур нэг болон гуравдугаар арав хоногийн сүүл үеүдэд ОЖД–аас сэрүүн байна. Нэгдүгээр арав хоногийн дунд, хоёр болон гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас дулаан байх аж.  Нэг, хоёрдугаар арав хоногийн дүгээр арав хоногийн ихэнх хугацаанд дуу цахилгаантай аадар бороо орж, борооны өмнө салхины хурд түр зуур ширүүсч болзошгүй.

Цаг агаарын үзэгдэл нутгийн 30 хувиас хэтрэхгүйгээр зурвас газраар ажиглагдах тохиолдолд "зарим газраар", 30-70 хувьд "ихэнх нутгаар", 70 хувиас дээш нутгийг хамрах тохиолдолд "бүх нутгаар" гэсэн нэр томьёо хэрэглэдэг.