Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны төсвийн төслийг боловсруулахад олон нийтийн оролцоог хангаж ажиллахыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болгосон. Энэ дагуу төсвийн төслийг боловсруулах үйл явцад иргэдийг оролцуулж, ил тод, нээлттэй төсвийн шинэчлэлийг эхлүүллээ.
Олон нийтээс санал авах үйл ажиллагаа 2025 оны наймдугаар сарын 1-нээс орон даяар эхэллээ. Саналыг 11-11 төв, E-Mongolia аппликейшн болон бүх яамны цахим хуудсаар дамжуулан авна. Түүнчлэн олон нийтийн хэлэлцүүлгийг танхимаар наймдугаар сарын 4-14-нд салбар бүрээр зохион байгуулахаар төлөвлөсөн аж. Нийт 12 удаагийн олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулна, хуваарийг нийтлэв.

Хэлэлцүүлэгт оролцох бол цахимаар болон биечлэн бүртгүүлнэ. Ирэх оны төсвийн төслийг боловсруулах үйл явцын хоёр дахь үе шат ийнхүү эхэлж байна. 2026 оны төсвийн төсөлд олон нийтээс хоёр долоо хоногийн турш санал авч, эдийн засгийн үр ашигтай, зардал бууруулах саналыг нэгтгэн эрэмбэлж, төсвийн төсөлд тусгах юм.






























