УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан асуулга тавьжээ.
Төсвийн тодотголд орон нутгийн 2016 оны сонгуулийн үр дүнгээр ажлаас чөлөөлөгдсөн улс төрийн албан хаагчдад олгох тэтгэмж 6,8 тэрбум, төрийн байгууллага албан хаагчийн буруутай үйл ажиллагааны улмаас иргэд, аж ахуйн нэгжид шүүхийн шийдвэрийн дагуу олгох 25 тэрбум 711 сая төгрөг тусгасны дотор ажлаас хууль бусаар халагдсаны улмаас шүүхийн шийдвэрийн дагуу олгох нөхөн төлбөрт 1 тэрбум 282 сая төгрөг, албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд алдаа гаргаж бусдад учруулсан хохирол 4 тэрбум 635 сая төгрөг тус тус нөхөн төлөхөөр тусгасан.
Иймд С.Эрдэнэ гишүүн шүүхийн шийдвэрийн дагуу төсвөөс нөхөн олгохоор төсөвлөсөн 25 тэрбум 711 сая төгрөгтэй холбогдуулж асуулга хүргүүлжээ.
Тэрбээр энэхүү 25 тэрбум 711 сая төгрөгөөс хэдэн төгрөгийг аль яам, агентлаг, нутгийн захиргааны байгууллагад хуваарилсан, хэдэн албан тушаалтанд дээрх мөнгийг олгох, тэдгээрийн хэд нь төрийн жинхэнэ албан хаагч, хэд нь төрийн үйлчилгээний албан хаагч, хэд нь удирдах албан тушаалтан байгаа талаар тодорхой мэдээлэл ирүүлэх, дээрх мөнгөн дүнг буруутай этгээдүүдээр төлүүлэх асуудлаар судалгаа гаргасан эсэх, хууль бус шийдвэр гаргасан албан тушаалтнуудын судалгаа, хэнээр хэдэн төгрөг төсөвт буцаан төлүүлэх талаар мэдээлэл гаргасан эсэх зэрэгт хариулт хүссэн байна.