Нийслэлийн хэмжээнд энэ өвөл нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллах 1100 автобус, троллейбусанд дуу хоолойгоор зогсоол зарлагч автомат төхөөрөмж суурилуулах ажлын явц 90 хувьтай байна.
Өнөөдөр Нийслэлийн Тээврийн газар (НТГ)-ын орлогч дарга Г.Доржпалам, Х.Булгаа нар дуу хоолойгоор зогсоол зарлах автомат систем суурилуулах ажлын явцтай танилцсан юм. Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд өнөөдрийн байдлаар нийт 88 чиглэлд 950 автобус, троллейбус үйлчилж, өдөрт 800 мянга орчим зорчигч тээвэрлэж байна. Иргэдээс өвлийн улиралд автобусны цонх цанатаж, буух зогсоолоо андуурдаг тухай гомдол ихээхэн ирдэг тул НТГ-аас нийслэлийн 378 жилийн ойг дуу хоолойгоор зогсоол зарлах автомат төхөөрөмжийг нийтийн тээврийн хэрэгсэлд суурилуулж байгаа юм.
“Улаанбаатар Смарт Карт” компанитай хамтран хэрэгжүүлж буй энэхүү ажил харааны бэрхшээлтэй иргэдийг нийтийн тээврээр зорчиход ихээхэн ач холбогдолтой гэдгийг албаныхан онцолж байлаа. Уг төхөөрөм нь жолоочийн ямар нэг оролцоогүйгээр автобус, троллейбусанд суурилуулсан GPS системээс газарзүйн мэдээллийг авч ажилладаг аж. Төхөөрөмжийг энэ сарын 10-наас эхлэн үйлчилгээнд ашиглаж байгаа юм.