Томуу туссан 0-6 насны хүүхэдтэй төрийн албан хаагчид цалинтай чөлөө олгох журам

Засгийн газрын аравдугаар сарын 29-ний ээлжит хуралдаанаар томуу туссан бага насны хүүхэдтэй, төрийн албанд ажилладаг эцэг эхчүүдэд 5 хоногийн цалинтай чөлөө олгох тогтоол баталсан. Энэ талаар Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн хэлэхдээ "Томуугийн халдвар авсан 0-6 хүртэлх насны хүүхдүүдтэй аав ээ, эмээ өвөөгийн аль нэг нь төрийн албанд ажилладаг бол тав хоног цалинтай чөлөө олгох шийдвэр гаргасан" гэсэн юм.Тэгвэл өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас цалинтай тав хоногийн  чөлөөний хуудсыг дараах тохиолдолд олгоно гэж мэдэгдлээ.ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга М.Наранпүрэв: Томуу, томуу төст өвчний идэвхжилийн үед 7 хоногт 13-42 мянган хүн амбулаториор үзүүлдэг бөгөөд 1600-4600 хүн хэвтэн эмчлүүлдэг.Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 78 хувь нь 15 хүртэлх насны хүүхэд, үүний дотор 55 хувь нь 0-5 насны хүүхэд байдаг. Энэ нь амьсгалын замын цочмог халдвар, уушгины хатгаа болж хүндрэх эрсдэл өндөр байдаг. Үүний улмаас хүүхдүүд эмнэлэгт хэвтэх шаардлага, хүндрэл их гардаг. Иймд дараах тохиолдолд:

  • Өрх, сум, дүүргийн эрүүл мэндийн байгууллагат эмчийн үзлэгт хамрагдсан байх,
  • Томуу, томуу төст өвчний улмаас халууралт буухгүй, хүндэрч магадгүй эрсдэлтэй бол,
  • Эцэг эхийн асран хамгаалал, хяналт зайлшгүй шаардлагатай 0-6 хүүхэдтэй бол цалинтай чөлөө олгоно.

Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед буюу арваннэгдүгээр сарын 1-нээс 2026 оны гуравдугаар сарын 1 хүртэл эцэг эхчүүд, ялангуяа 0-6 насны хүүхэдтэй асран хамгаалагч нарт цалинтай 5 хоногийн чөлөө олгох тухай тогтоол юм. Засгийн газрын уг тогтоол нь төрийн байгууллагын албан хаагчдад зориулсан хэдий ч хувийн хэвшлийн байгууллагуудад уриалж байна. Чөлөөний хуудсыг даатгуулагчид олгох эмнэлгийн хуудасны журмын хуудсаар олгоно. Холбогдох чиглэл, заавар, журмыг өрх, сум, дүүргийн төвүүдэд хүргүүлсэн" гэв.

Хариу үлдээх

Please enter your comment!
Please enter your name here