Р.Булгамаа: Талийгаачийн талаар зохион байгуулалттай сөрөг мэдээлийг нийгэмд түгээж байна

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Очир төв” ХХК-ийн зочид буудалд өнгөрсөн есдүгээр сарын 22-ны өдөр нэгэн харамсалтай хэрэг гарсан билээ. Тодруулбал, 13-хан настай, М гэгч охиныг 2-3 залуу зочид буудалд авч орон, хүчирхийлэн амь насыг нь хохироосон хэрэг юм. Гэвч өнөөдрийг хүртэл энэ хэрэг бүрэн шийдэгдэхгүй байна. Тиймээс мөрдөн шалгах ажиллагаа их дутагдалтай, удаашралтай явж байна гэсэн гэр бүлийнхнийх нь хүсэлтийн дагуу нэмэлт баг бүрдүүлж ажиллахаар болжээ. Энэ талаар болон өнөөдрийн байдлаар энэ хэрэг ямар төвшинд явж байгаа талаар өмгөөлөгч Р.Булгамаагаас тодрууллаа.

-Сүүлийн үед бага насны охид хүчирхийлэлд өртөх нь ихэсч байгаа талаар албаны хүмүүс ярьж байна. Тухайлбал, өнгөрсөн наймдугаар сарын 22-нд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Очир төв” ХХК-ийн зочид буудалд 13 настай охин харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан. Энэ хэрэг ямар шатандаа явж байна вэ. Яагаад өнөөдрийг хүртэл шийдэгдэхгүй байна вэ?

-Нийгэмд энэ хэргийн талаар хэтэрхий буруу ташаа мэдээллүүд газар авч, зориудаар зохион байгуулалттай хохирогчийг харлуулсан мэдээ мэдээллүүд яваад байгаа учраас ар гэрийнхэн нь өмгөөлөгчийн зүгээс бодитой мэдээлэл өгөхөөс өөр аргагүйд хүрээд байна.

Хамгийн түрүүнд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Очир төв”-д байрлах зочид буудлын захирал эмэгтэй олон нийтэд хохирогчийн талаар болон гэмт хэргийн талаар буруу ташаа мэдээллийг өгсөн.

Өөрөөр хэлбэл, хэргийн талаар хууль хяналтын байгууллагад дуудлага өгч, үнэн зөвөөр мэдээлэх үүргээ биелүүлээгүй мөртлөө талийгаач охиныг гэр оронгүй, архи уусан, бие үнэлэгч охин байсан, ресепшн явуулж гарах шаардлага тавьсан боловч гараагүй мэтээр ярьж, хохирогчийг гүтгэн доромжилсон. Нөгөөтэйгүүр, мөрдөгчийн зүгээс хэргийн шалтгаан нөхцлийг бүрэн тогтоогоогүй байж, хэвлэл мэдээллийн ажилтнуудад мэдээлэл өгсөн нь тэднийг энэ хэргийн талаар хэтрүүлэн бичих нөхцлийг бүрдүүлсэн.

-Тэгэхээр хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдээгүй гэсэн үг үү?

-Энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагаа их учир дутагдалтай явж ирсэн байна. Хэд хэдэн тодорхой зүйл дээр алдаа гаргаж, ажилдаа хариуцлагагүй хандсан нь анхаарал татаж байна.

Тухайлбал, наймдугаар сарын 22-ноос хойш өнөөдрийг хүртэл бүхэл бүтэн хоёр сарын хугацаа дуусаж байхад мөрдөн шалгах ажиллагаа шуурхай, үр дүнтэй явагдаагүй байна. Хэргийн газрын үзлэгээс эхлээд шүүмжлэлтэй хандмаар зүйл байгаа. Хэргийн газар дээрээс гэмт хэрэгтний нэг нь зугтаагаад, хоёр хоногийн дараа олдсон.

Гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдээс цусан дахь этилийн спиртын хувь хэмжээг тогтоох шинжилгээ аваагүйгээс гадна драйгер ч үлээлгээгүй байдаг. Гэтэл гэмт хэрэгтнүүд зочид буудалд орохын өмнө дэлгүүрээс архи авах гэж орж ирэхэд нь согтуу хүнд өгөхгүй гэж хэлсэн тухай дэлгүүрийн худалдагч ярьсан байдаг. Мөн хэргийн газраас архины шил хураагдсан зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар эдгээр этгээдүүд согтууруулах төрлийн зүйл хэрэглэсэн болох нь тогтоогдож байдаг.

-Талийгаачийг архи ууж, хордлогод орсны улмаас нас барсан гэх мэдээлэл цацагдаад байгаа. Энэ мэдээлэл бодитой юу?

-Талийгаач ганцаараа архи уугаагүй нь тодорхой. Хэрвээ архи ууснаас болж нас барсан гэж үзэж байгаа бол гэмт хэрэгт хамааралтай этгээдүүдийн согтуурлын зэргийг яагаад тухайн үед тодорхойлоогүй юм.

Ядаж тэр үед баригдсан иргэн А гэгчийг шалгаж болох байсан. Гэмт хэрэгтнүүдийн согтолтын хувь хэмжээ ямар байгааг өнөөдөр цагдаагийн байгууллага, үзлэг хийсэн бүрэлдэхүүнүүд тогтоогоогүй орхигдуулсан нь хамгийн ноцтой зөрчил дутагдал гэж үзэж байгаа.

Мөн гэмт этгээдийг хэргийн газраас хэрэгтнийг авч явахаасаа өмнө буюу нас барсан охиныг хэн болохыг асууж, талийгаач хэн болохыг тодруулах бүрэн боломжтой байдаг. Гэтэл тийм шуурхай арга хэмжээ аваагүй. Гэмт хэрэгтнийг Цагдаагийн газарт аваачсаныхаа дараа буюу үдээс хойш хохирогч хэн байсныг тодорхойлж, ар гэрийхэн рүү нь утасдаж хэлсэн. Талийгаачийн эцэг, эх урд орой нь цагдаагийн байгууллагад охин сураггүй алга болсон тухай мэдээлсэн байсан.

-Гэмт этгээдүүдийг саатуулсан уу, эсвэл гадуур шалгаж байгаа юу?

-Дараагийн шүүмжлэлтэй хандаж байгаа нэг зүйл бол гэмт хэрэгтнүүдийг цагдан хорихгүйгээр батлан даалтад гаргаж явуулсан байдаг.

Өөрөөр хэлбэл, шүүх эмнэлгийн дүгнэлт гартал “Хэргийн шалтгаан нөхцөл тодорхойгүй байна” гэдэг үндэслэл гаргаж гадуур шалгах нь зүйтэй гэсэн чиглэлийг жижүүрийн прокурорууд өгсөн гээд гэмт хэрэгтнүүдийг есдүгээр сарын 20 хүртэл бүтэн сарын хугацаанд цагдан хориогүй гадуур явах, гэмт хэргийн ул мөрийг баллах, хохирогчийг гэм буруутай мэт харагдуулах, гэмт хэргийн нөхцөл байдлыг нуун дарагдуулах, ял завших нөхцөлийг бүрдүүлж өгсөн байдаг. Яагаад хүн амины хэрэг гарсан байхад цагдан хорихгүйгээр чөлөөтэй явуулсан юм бэ гэдэг асуудал хамгийн ноцтой бөгөөд анхаарал татаж байгаа.

Энэ байдал ар гэрийнхэн хохирогчдын зүгээс гомдол гаргах гол хүчин зүйл болсон. Энэ бол мөрдөгч болон хяналт тавьж байгаа прокурорын зүгээс ажилдаа хариуцлагагүй хандсаны тод жишээ төдийгүй, эсвэл ажлын туршлага, чадвар ямар байна вэ гэдгийг харуулж байгаа бодит илрэл юм.

-Энэ хэргийг дээрх хоёр залуугаас гадна гуравдагч этгээд хамтран үйлдсэн гэх мэдээлэл байна. Үнэхээр гуравдагч этгээд оролцсон байх магадлал байгаа юу?

-Өөр бас нэг асуудал нь гуравдагч этгээд байсан тухай яригдаж байгаа юм. Тэр этгээд хэн байв гэдгийг өнөөдөр хүртэл тогтоогоогүй байна. Гэтэл гэмт хэрэг үйлдэгчдийн он жав гэж нөхөр зочид буудалд байсан тухай зарим эх сурвалж мэдээлсэн байдаг. Тэр нөхрийг өнөөдөр дуудаж, гэрчээр байцаах, асуудлыг тодруулах шаардлагатай гэсэн асуудлуудыг өмгөөлөгчид Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст тавьсан байгаа.

-Биеэ хамгаалах чадваргүй байхад нь хүчирхийлсэн байж болзошгүй гэж ярьж байна. Хүчирхийлсэн шинж тэмдэг илэрсэн үү. Ямар зүйл ангиар буруутгаж байгаа вэ?

-Өмгөөлөгчдийн зүгээс тавьж байгаа хамгийн чухал асуудал бол хэргийн зүйлчлэлийн асуудал юм. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр 13 настай охин нас барсан энэ гэмт хэрэг Эрүүгийн хуулийн 12.1.4 буюу хүчиндэх гэмт хэргээр зүйлчлэгдэн шалгагдаж байна. Өнөөдөр хохирогч М гэдэг бага насны охин нас барсан, энэ хорвоод байхгүй байтал яагаад Эрүүгийн хуулийн 12.1.4 буюу хүчиндэх гэмт хэрэг гэдэг энэ зүйл заалтаар өнөөдөр хэргийн зүйлчлэл явж байна вэ.

Энэ иргэн хүчиндүүлээд амьд сэрүүн байсан бол энэ зүйлчлэлтэй санал нийлэх байсан. Гэтэл Эрүүгийн хуулийн 10.1.2.7 бага насны хүүхэд биеэ хамгаалах чадваргүй байдгийг далимдуулж, 10.2.1.1 онц хэрцгийгээр дээрээс нь бүлэглэн, ёс бусаар бэлгийн дур хүслээ хангах замаар амь насыг нь бүрэлгэсэн байх тул үйлдэл бүр дээр давхар зүйлчлэх ёстой.

Шүүх эмнэлгийн дүгнэлтээс харахад бэлгийн ёс бус үйлдлүүдийг маш ихээр хийсэн нь илт байгаа юм. Тиймээс хэргийн зүйлчлэлийг өөрчлүүлэх саналтай байгаагаа Баянзүрх дүүргийн прокурор, мөрдөн байцаагчид бичгээр хандсан байгаа. Энэ долоо хоногт гэмт хэргийн зүйлчлэл дээр маш шуурхай, бодитоор хандана гэдэгт найдаж байна.

-Гадны нөлөө байгаагүй гэсэн дүгнэлтийг шүүх эмнэлгээс гаргасан талаар мэдээлж байгаа. Энэ талаар тодруулахгүй юу?

-Хамгийн гол анхаарал татаж байгаа зүйл нь хохирогч согтууруулах ундаанд хордож, нас барсан гэх шүүх эмнэлгийн ерөнхий дүгнэлт гарсанд байгаа. Энэ дүгнэлтэд ар гэрийнхний зүгээс гомдолтой байгаагаас гадна шүүх эмнэлгийн дүгнэлтийг дахин хийлгүүлэх хүсэлтээ илэрхийлээд байгаа.

Талийгаач архинд хордож нас барсан юм бол архийг хэн өгсөн юм бэ гэсэн шалтгаант холбоо гарч ирнэ. Тэгвэл иргэн А, Ж нар насанд хүрээгүй хүүхдэд архи цутгаж, амь насаа алдах нөхцөлийг бүрдүүлсэн. 13-хан настай охины биеэс 5.7 хувийн этилийн спирт илэрсэн гэдэг бол маш олон асуудал, таамгуудыг үүсгэж байгаа.

Ер нь насанд хүрсэн иргэний цусан дахь этилийн спиртын хувь хэмжээ 2.3-аас дээш болоход биеэ авч явах чадваргүй болоод тэрнээс дээш бол тасарч унадаг гэдэг. Гэтэл 5.7 хувь болтол ганцаараа архи уугаад суугаад байна гэж байхгүй. Шууд цутгасан эсвэл хэргийн газрын ул мөрийг арилгах үүднээс хийсэн санаатай үйлдэл.

Энэ нь хэд хэдэн зүйлээр тогтоогдож байгаа. Тухайлбал, хамрын яс зүүн тал руугаа мурийлттай хугарсан, уруулын дотор талын арьс язралттай, уруул язралт үүсээд дорвойсон байдалтай байсан. Мөн хүзүүний эрээн булчинд харвалт өгсөн хөхрөлттэй, тархинд цус харвалт өгсөн, уушгины цэгэн харвалттай байсан зэрэг эмгэгүүд шүүх эмнэлгийн дүгнэлтэд бичигдсэн байгаа.

Гэтэл шүүх эмнэлгийн дүгнэлтэд яагаад гадны нөлөө байхгүй гэсэн шийдвэр гарсан бэ гэдэг нь хамгийн их анхаарал татаж, эргэлзээ төрөх нөхцөлийг бүрдүүлээд байгаа. Талийгаачийн уруул язарсан, хамар хугарсан, охины биеийн доод хэсэг буюу гуяны дотор тал хөхрөлттэй, арьс нь зулгарсан, улайлттай байсан зэрэг энгийн нүдээр харахад ойлгомжтой байсан шинж тэмдгүүд шүүх эмнэлгийн дүгнэлтэд байхгүй байгаад ар гэрийнхэн нь гомдолтой байгаа. Иймээс бид дүгнэлтийг дахин хийлгүүлэх хүсэлтийг гаргасан.

-Мөрдөн байцаалтын явцад гэр бүл болон хамт олноос нь охины талаар мэдээлэл авсан болов уу. Охин үнэхээр тийм үйлдэл гаргахаар хүн байсан уу гээд олон эргэлзээ төрж байна л даа?

-Мөрдөн байцаах ажиллагаа нь учир дутагдалтай явагдаж ирсэн байна. Талийгаач ямар хүүхэд байсан талаар яагаад ангийн багш, хичээл зааж байсан багш, ээж, эмээгээс нь асуухгүй байгаа юм. Бүгд энэ охины талаар ярих хүсэлтэй байгаа. Энэ ажиллагааг өмгөөлөгч нарын хүсэлтээр энэ долоо хоногт эхлүүлж байна. Хувийн зан байдлыг хамгийн түрүүнд тодорхойлох учиртай. Багш нар нь хэвлэлээр хохирогч хэн байсан талаар өөрсдөө ярилцлага өгсөн байна билээ.

-Өнөөдөр гэхэд охины амиа алдсан “Очир төв”-ийн зочид буудал үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна лээ. Бага насны хүүхдийг ч зүгээр оруулахаар байсан. Энэ тал дээр та ямар бодолтой байна вэ?

-Нийгэмд энэ хүүхэд өөрөө гэм буруутай юм шиг байдлаар мэдээлэл өгч байгаад ар гэрийнхэн, өмгөөлөгчдийн зүгээс шүүмжлэлтэй хандаж байна. Тухайлбал, тэр бага насны хүүхдийг зочид буудалд нэвтрүүлж, гэмт хэрэг гарах, амиа алдах нөхцлийг бүрдүүлсэн “Очир төв” ХХК-ийн эзэн эмэгтэй хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгсөн. Гэвч ярьсан бүх зүйл нь худал ташаа байдаг.

Хэргийн газрын камерт бичигдсэнээр тэр захирал эмэгтэйн ярьсан зүйл худлаа гэдэг нь тогтоогдож байдаг. Тухайлбал, ахыхаа араас орсон, орж ирэхдээ согтуу байсан, орон гэргүй, биеэ үнэлэгч охин байсан мэтээр худлаа ярьж нийгэмд худлаа мэдээлэл түгээсэн. Энэ бол зориудаар хэргийн нөхцөл байдлын талаар худал мэдээ мэдээлэл түгээх, гэмт хэргийн талаар хуулийн байгууллагад мэдээлээгүй үүргээ хаацайлсан үйлдэл.

Ингэж олон нийтэд худал мэдээ мэдээлэл түгээж, бага насны хүүхдийг зочид буудалд нэвтрүүлж, гэмт хэрэг гарах нөхцлийг бүрдүүлснийхээ төлөө хуулийн хариуцлага хүлээх ёстой. Энэ байгууллага хоёр удаа мэдэгдэл аваад Зөрчлийн тухай хуулиар торгуулсан гээд өнөөдөр үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Үйл ажилллагаа явуулах эрх болон тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах ёстой. Ер нь бол гэмт хэргийн талаар худал мэдээ мэдээлэл түгээдэг, шалтгаан нөхцөлийг бүрэн тодруулаагүй байж гэм буруутай мэтээр гүтгэн доромжилдог байдал хэрээс хэтэрч байгаад эмзэглэж байна.

Г.Санжааханд