Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төвийн 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу 2017 оны аравдугаар сарын 19-ний өдөр “Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Инженерийн хангамжийн байгууллагуудын шугам сүлжээнд технологийн горим зөрчигдсөн осол гарахаас урьдчилан сэргийлэх, ослын үед ажиллах хүн хүч, техник хэрэгслийн бэлэн байдлыг хангуулах штабын дадлага, сургуулийн удирдамж”-ийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга хурандаа Ж.Чүлтэмсүрэнгээр тус тус батлуулан, инженерийн хангамжийн байгууллагууд болон Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар, Ус сувгийн удирдах газар, Улаанбаатар Дулааны сүлжээ ТӨХК, Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газрыг хамруулан дадлага, сургуулийг зохион байгуулав.
Уг штабын дадлагад Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга, Нийслэлийн Онцгой байдлын газрын мэргэжилтэн, Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төвийн дарга болон инженерүүд дээрх 5 байгууллагын шуурхай бригад, техник хэрэгслийн бэлэн байдлыг газар дээр нь очиж цагийн байдлын дагуу хийгдэж буй үйл ажиллагааг шалгаж, зөвлөгөө өгч ажиллав.