НӨАТ-ын сугалааны 500 сая төгрөгийн азтан анх удаа тодров

НӨАТ-ын урамшууллын 2017 оны 10 дугаар сарын 28 дугаар сугалааны тохирлоор өнөөдөр 500 сая төгрөгийн супер азтан анх удаа тодорлоо.

Энэ удаагийн тохирлоор есдүгээр сарын 1-нээс 30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтыг хамруулсан бөгөөд НӨАТ-ын сугалааны 500 сая төгрөгийн супер азтан анх удаа тодорсон нь онцлог үйл явдал боллоо. НӨАТ-ын урамшуулал олгох, сугалаа явуулах талаар тусгасан шинэчилсэн хууль хэрэгжиж эхэлснээс хойш буюу 2016 оны 1 дүгээр сарын 1-нээс хойш өнөөдрийг хүртэл сугалааны супер азтан буюу 500 сая төгрөгийн эзэн тодроогүй байсан юм. Өмнөх сарын тохирлоор 100 сая төгрөгийн эзэн тодорч, 27 настай Х.Батдулам гэх бүсгүй батламжаа гардаж аваад байсан бол энэ удаад 500 сая төгрөгийн азтан тодорч байна.

СУПЕР ШАГНАЛЫН ДУГААР 71742222

Мөн өнөөдрийн тохирлоор 20 сая төгрөгийн нэг, 4 сая төгрөгийн дөрөв, 500 мянган төгрөгийн 122, 100 мянган төгрөгийн 1184, 20 мянган төгрөгийн 117458, нийт 13056 азтан тодорлоо. Сугалаа явуулж эхэлснээс хойш 100 сая төгрөгийн дөрөв, 20 сая төгрөгийн тав, 4 сая төгрөгийн 93 азтан тодорсон юм.

Гааль татвар, санхүүгийн мэдээлэл технологийн төвийн Сугалаа зохион байгуулах албанаас тодруулахад "500 сая төгрөгийн азтанд одоогоор нийтэд зарлах боломжгүй. Нэгдүгээрт өөрөөс нь зөвшөөрөл авна, хоёрдугаарт баримтыг шалгаж, баталгаажуулна" гэж хариулав.

Хэрэглэгчид азтан болсон эсэхээ ebarimt.mn цахим сайт болон ebarimt аппликешн ашиглан шалгах боломжтой юм. Мөн баримт нь есдүгээр сарын 1-нээс 30-ны хооронд хийсэн худалдан авалтынх байх шаардлагатай бөгөөд энэ сарын 21-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлсэн байх ёстой.