БНСУ-ын Пусан хотын урлагийн 55 дахь наадам болж байна. Уг наадмын хүрээнд БНСУ, Монгол Улсын залуу зураачид хамтарсан үзэсгэлэнгээ анх удаа Пусан хотод гаргаж байна. Үзэсгэлэнд манай улсын 25 зураач, солонгосын 33 зураач дүрслэх урлагийн бүтээлээ толилуулж байгаа юм. Өнгөрсөн онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан “Шинэ давалгаа” үзэсгэлэнд Солонгосын төлөөлөл оролцож, уран зургийн хамтарсан үзэсгэлэн зохион байгуулах санал тавьсан.
Пусан хотын соёл урлагийн нэгдсэн холбооны дэмжлэгтэйгээр Монголын урчуудын эвлэлийн хорооны дэргэдэх “Залуу уран бүтээлчдийн холбоо” хамтран анх удаа энэ үзэсгэлэнг гаргажээ.
Монголын урчуудын эвлэлийн хорооны дэргэдэх “Залуу уран бүтээлчдийн холбоо”-ны тэргүүн С.Зэсээ энэ үеэр “Энэхүү үзэсгэлэнд 40-өөс доош насны зураачид дүрслэх урлагийн бүтээлээ олон улсад сурталчилж байгаагаараа онцлог. “Пусан-55’’ урлагийн наадамд ирсэн бүтээлүүд нь Монгол үндэсний өв соёл, уламжлал, орчин үеийн урсгалыг багтааж чадсан. Тиймээс ч үзэгч, сонирхогч ихтэй байна” гэв. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд залуу зураачдыг дэмжиж, "Пусан–55" уран зургийн үзэсгэлэнд зочилсондоо талархаж байгаагаа илэрхийллээ.
Ирэх жил Монгол Солонгосын хамтарсан зураачдын үзэсгэлэн Улаанбаатар хотод гарна. Үзэсгэлэнг Монгол Улсаас Пусан хотод суугаа Консулын газрын дарга Д.Бямбадорж, Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн, Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх очир нар үзлээ.