УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэцэв. Энэ үеэр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Банкны хүүг бууруулах тухай асуудал сүүлийн үед яригдаад байгаа. Сангийн шинэ сайд Ч.Хүрэлбаатар ч гэсэн бууруулна гэж байсан. Миний ойлгож байгаагаар банкны хүүг бууруулахад Монголбанкны бодлогын хүү онцгой нөлөөтэй байдаг. Гэтэл Монголбанкны Ерөнхийлөгч нь бодлогын хүү буурах боломжгүй гээд яриад сууж байх юм. Мөн гадаад валютын тогтвортой ганц тулгуурт уурхайгаас хамаарсан бидэнд валютын ханш шууд нөлөөтэй. Гэтэл энэ нь өнөөдөр болохгүй гэдэг. Өөрөөр хэлбэл, банкны системтэй холбоотой хууль санаачлахаар бид дэмжих бол дэмжээд л явна. Гэтэл Монголбанкны Ерөнхийлөгч байж “надад хууль санаачлах эрх байхгүй” гээд сууж байж болохгүй. Хууль санаачилж болно.
Инфляци 2016 онд хамгийн бага төвшинд очоод байсан. Гэтэл 2018 онд найман хувь болгоод өсгөнө гэж байна. Найман хувь өснө гэдэг бол юмны үнэ тэр хэмжээгээр өснө гэсэн үг. Өнөөдөр багш, эмч нарын дунд гараад байгаа бухимдал чинь нэг таалаас энэ инфляцитай холбоотой.
Энэ Засгийн газар байгуулагдсанаас хойш янз бүрийн сувгаар хоёр тэрбум ам.долларын зээл авчихсан байна. Гэтэл валютын ханш буух нөхцөл яагаад бүрдэхгүй байгаа юм гэдэг асуудал анхаарал татаад байна. Энэ хүрээнд мөнгөний бодлоготой уялдаж байгаа зүйл байгаа юу. Мөн ипотекийн зээл, экспортын дэмжих хөтөлтөлбөр хоёр нам зогсчихлоо. Юу болчихов оо" гэдгийг тодрууллаа.