АТГ-аас мэдээлэл хийлээ. Мэдээлэлд Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар, Мөрдөн байцаах албаны дарга, ахлах комиссар Н.Дамдинсүрэн нарын оролцлоо.
2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн Төрийн албаны зөвлөл, Үндэсний аудитын газар, Авлигатай тэмцэх газар хамтран 12 яам, тэдгээрийн харьяа 20 агентлаг, 23 төрийн өмчит хуулийн этгээдэд ажилласан дүнг танилцуулсан байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Засаг даргын харьяаны агентлагууд болон 9 дүүрэгт ажилласан дүнг танилцуулах юм байна. Ийнхүү танилцуулж буй гол ач холбогдол нь урьдчилан сэргийлэх ажлыг богино хугацаанд бага хүчээр зохион байгуулсанд оршиж буй ажээ. Сангийн яамны хувьд улсын төсвийн асуудал УИХ-д хэлэлцэгдэж байгаатай холбоотойгоор түр хойшлогдоод байгаа гэнэ.
АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү "Ажлын хэсгүүд ажиллах явцад төрийн албан хаагчдыг ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчиж томилдог, хуульд заасан хугацаанд хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргадаггүй, хуульд заагаагүй төлбөр хураамжийг албан тушаалтнуудын тушаал, шийдвэрээр тогтоодог, аливаа зөвшөөрөл олгохдоо хуульд заагаагүй бичиг баримт нэхдэг, хүнд суртал үүсгэдэг, дотоод хяналтын үйл ажиллагааг хангалттай хэрэгжүүлдэггүй, албан хаагчиддаа хариуцлага тооцдоггүй зэрэг зөрчлүүд илэрсэн"гэв.
Ажлын хэсгүүд газар дээр нь шууд таслан зогсоох, арилгах боломжтой зөрчлүүдийг тухай бүр арилгуулж ажилласан байна. Харин хууль, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, авлигын эрсдэл бий болгож буй шалтгаан нөхцлийг арилгах чиглэлээр Засгийн газар, холбогдох яам, агентлагт зөвлөмж хүргүүлээд байгаа аж. Тухайлбал, “Мэдээлэл холбооны сүлжээ” төрийн өмчит хувьцаат компани 2015 онд 2,2 тэрбум, 2016 онд 2,7 тэрбум, 2017 оны 1 дүгээр улиралд 381 сая төгрөгийн ажилчдаа урамшуулахад зарцуулсан байна. Урамшуулалд зарцуулж байгаа төсөв нь зарим байгууллагын бүтэн жилийн төсөвтэй тэнцэхүйц хэмжээнд байгаа гэнэ.
Учир нь тус газар нь Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.7-д заасан “төрийн үйлчилгээ авсан иргэд, байгууллагын судалгаанд тулгуурлан төрийн байгууллагын шударга байдлын түвшинд 2 жил тутамд үнэлгээ гаргаж, олон нийтэд мэдээлэх”, мөн УИХ-ын 2016 оны 51 дүгээр тогтоолоор баталсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр (АТҮХ)-ийн 2 дугаар зорилт буюу “Төрийн үйлчилгээний нээлттэй байдлыг хангаж, цахим үйлчилгээг хөгжүүлэх, чанар хүртээмжийг сайжруулах, үйлчлүүлэгчийн эрх ашгийг дээдэлж, төрийн албан хаагчийн хариуцлагыг дээшлүүлэх” ажлыг хэрэгжүүлэх хүрээнд АТҮХ-ийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 4.1.2.5-д заасан “Төрийн үйлчилгээний шударга, ил тод, нээлттэй байдлын талаарх судалгааг тогтмол хийж, үр дүнг нь үйл ажиллагаандаа ашиглах” чиг үүргийг тус тус хэрэгжүүлж байна. Энэ чиг үүргийн хүрээнд судалгаа зохион байгуулахад төрийн байгууллагуудаас үйлчилгээ авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын талаарх мэдээлэл шаардлагатай байгаа бөгөөд эхний ээлжинд аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийн нэгжээс үзүүлж буй үйлчилгээ болон уг үйлчилгээг авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын мэдээлэлтэй газар дээр нь ирэх саруудад танилцаж ажиллах юм байна.