ОБЕГ: Уулчдын цогцсыг олоод дууссан тул эрлийн ажиллагааг зогсоолоо

Завхан аймгийн Отгон сумын Отгонтэнгэр ууланд авиралт хийж яваад цасан нурангид өртөн сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагаа өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж байна. Эрлийн ажиллагааг 07:30 цагт эхлүүлээд  10:05 цагт нэг, 10:36 цагт хоёр дахь, 10:40 цагт гурав дахь цогцсыг оллоо гэж эрлийн ажиллагааг газар дээр нь удирдан зохион байгуулж байгаа Шуурхай штабаас мэдээллээ. Тиймээс Отгонтэнгэр ууланд авиралт хийж яваад цасан нурангид өртөж, осолдсон 17 уулчдын цогцсыг бүгдийг нь оллоо.

Эрлийн ажиллагаанд 200 гаруй алба хаагч, 30 гаруй техник хэрэгсэлтэйгээр ажиллалаа. ОБЕГ-ын дэд дарга Ц.Ганзориг "Ууланд авиралт хийсэн 27 иргэнээс 10 нь эсэн мэнд одоо Улаанбаатарт ирж байгаа. 17 иргэн сураггүй болсоноос 2017 оны аравдугаар сарын 24-ний байдлаар 14 хүний цогцсыг олж, өчигдөр орой 20.50 цагт Зэвсэгт хүчний 303 дугаар ангид нисдэг тэрэгээр авчирсан. Цогцсыг ШШҮХ, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгч, ШШҮХ цогцсыг таниулах ажиллагааг ар гэрийнхнийх нь оролцоотойгоор таниулж дууссан. Эхний 10 цогцсыг метр, метр 50-ийн гүнээс олж байсан. Олохдоо тухайн эд зүйл нь цухуйсан, өмсөж явсан хувцас нь ил гарсан, ойролцоо байсан. Хоорондоо 10 метрийн зайтай шахуу байсан. Харин 2017 аравдугаар сарын 24-ний өдөр олсон дөрвөн иргэнийг металл хайгчийн тусламжтайгаар олсон. Дээшлэх тусмаа цасан овоолго их, цасны зузаан ихэсч байна. Цас мөстсөн байдалтай. Ухахад хүнд байсан" гэв. 

Мэдээллийнхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-14 хүний цогцсыг таниулах ажиллагаа дууссан байна. Ар гэрийнхэнд нь хүлээлгээд өгсөн үү. Таниулах ажиллагааны үед хүндрэлтэй асуудал гарсан уу?
 
-Ослын газраас 14 хүний цогцсыг авчирч, ШШҮХ-нд авчирсан. Ар гэрийнхнийг нь оролцуулж, таниулах ажиллагаа явуулж дууссан. Хэргийн газраас олдсон 16 үүргэвч, 355 эд зүйлийг баримтжуулаад ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгнө.
 
-Эсэн мэнд үлдсэн 10 иргэнээс мэдүүлэг авна гэсэн асуудал яригдаж байна?
 
-10 хүн наашаа ирж байгаа. Гэхдээ мөрдөн шалгах ажиллагаа явуулна. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учраас нарийн мэдээлэл өгөх боломжгүй байна.