Отгонтэнгэр хайрханд болсон эмгэнэлт осолтой холбогдуулан уулын аялал, авиралтын талаар зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр Шадар сайд Ө.Энхтүвшиний санаачилгаар Төрийн ордонд зохион байгууллаа.
Уулзалтад Шадар сайдаас гадна БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, БОНХ-ийн сайд Н.Цэрэнбат, Шадар сайдын ажлын албаны Онцгой байдлын асуудал хариуцсан зөвлөх, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, Онцгой комиссын нарийн бичгийн дарга М.Энх-Амар, МХЕГ, Стандартчилал, хэмжил зүйн төв, Монголын уулчдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Б.Тулга болон уулчдын 20 гаруй холбоо, клубын төлөөлөл оролцов. Мэргэжлийн уулчдыг төлөөлж гавьяат тамирчин Г.Өсөхбаяр, Б.Гангаамаа, Б.Цэвээндаш нар мөн байлцав.
Энэ сарын 21-нд Отгонтэнгэр хайрханд авиралт хийсэн 27 уулчны 17 нь харамсалтайгаар амь насаа алдаж, 10 нь эсэн мэнд үлдсэн осол гарсан. Ослоос эсэн мэнд үлдсэн уулчдын бие сайжирч байгаа ч хувьд сэтгэлзүйн хувьд хүнд байгаа талаар Шадар сайд уулзалтын эхэнд хэлж байв. Тэрбээр ослын талаар товч танилцуулахдаа, осол болсон анхны дуудлага аравдугаар сарын 22-ны өдрийн 14.33 цагт ирсэн. 17 иргэнийг цогцсыг сүүлийн байдлаар аравдугаар сарын 25-нд Улаанбаатарт тээвэрлэн авчирсан. Онцгой комисс 7 удаа мэдээлэл өгсөн. Эрэн хайх ажиллагаанд 300 шахам хүн, 30 техник, 2 нисдэг тэрэгтэй ажилласан гэв.
Энэхүү ослоос сургамж авч, цаашдаа ямар арга хэмжээ авах, хоорондын үйл ажиллагаагаа хэрхэн яаж уялдуулах, зөвшөөрлийг хаанаас гаргаж, ямар байгууллага олгох юм, мэргэжлийн уулчид болон сонирхогчдын зааг ялгааг хэрхэн гаргах, ямар шаардлага тавих, мэргэжлийн уулчид ямар оргилд гарах юм, ууланд авирах иргэдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулах, хууль дүрэм зөрчвөл ямар хариуцлага хүлээх, хэн хяналт тавих зэрэг асуудлаар зөвшилцөхөөр уулзалтыг зохион байгуулсан юм.
Монголын уулчдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Б.Тулга "Уулын спорт бол эрсдэл, хариуцлага байдаг. Яах аргагүй БСШУС-ын яамтай хамтран ажиллах шаардлагатай" гэсэн юм. Шадар сайд Ө.Энхтүвшин "Цаашдаа уулын спорт аяллын үйл ажиллагаа явуулах иргэн, ТББ-уудад тусгай зөвшөөрөл олгох, цуцлах үйл ажиллагаанд хяналт тавих, даатгалд хамруулах, хариуцлагажуулах чиглэлээр төр хувийн хэвшил, холбогдох байгууллагууд хамтран дүрэм журам боловсруулж, батлуулах шаардлагатай байна. Мөн өндөр ууланд авирахдаа тухайн орон нутаг, мэргэжлийн байгууллагаас тавих бүртгэл, урьдчилан сэргийлэх, соёл сурталчилгааг сайжруулах шаардлагатай байна. Мөн өндөр уултай орон нутгийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах хэрэгтэй" гэлээ.
"Оргил өөд" клубын тэргүүн Алтанхуяг "Манай клубын нэг гишүүн амь үрэгдсэн. Сая ажил явдлаас нь ирлээ. Амиа алдсан 17 уулчны ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлж байна. Манай ОБЕГ-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, хамтран ажиллаж байсан.
Цаашид ч хамтран ажиллах нь зөв юм байна. Өндөрийн оргилуудыг хориглох гэхээсээ илүүтэй хөгжүүлэх нь чухал. Энэ нь аялал жуулчлалтай холбоотой. Спорт гэдэг талаас нь хөгжүүлж, уулын бэлд аврах багийг байнгын байлгах хэрэгтэй. Тэндээ цаг агаар ямар байх, заавар зөвлөгөө өгч, хөтөчүүдийг байлгах нь аялал жуулчлалын нэг хэлбэр. Ийм саналтай байна" гэв.
Мөн Шадар сайд Ө.Энхтүвшин Засгийн газрын хуралдаанаар уулчдын асуудлыг хэлэлцэж, гаргасан шийдвэрийг танилцууллаа. Хуралдаанаар өндөр ууланд авиралт хийхэд гарч болох эрсдлийг бууруулах, аюулгүй байдлыг хангах, хариуцлагыг өндөржүүлэх чиглэлээр холбогдох дүрэм журам боловсруулж, түүнийг батлан хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа нарт даалгасан гэв.