Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор хүйтний улиралд төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд холбогдсон айл өрхөд тог цахилгааны үнийн хөнгөлөлт үзүүлэх Засгийн газрын шийдвэр өнгөрсөн онд гарсан.
Үүний дагуу өнөөдөр буюу 2017 оны 11 дүгээр сарын 01-нээс нийслэлийн болон аймгийн төв, 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын төвлөрсөн дулаан хангамжид холбогдоогүй, хоёр тарифт тоолууртай айл өрх ирэх оны гуравдугаар сарын 31-ний өдрийг дуустал 21-06 цагийн хооронд хөнгөлөлт эдэлнэ.
Журамд заасны дагуу хэрэглэгч нь стандартын шаардлага хангасан баталгаажсан тарифт электрон тоолуур, цахилгаан хэрэгсэлтэй байх бөгөөд галын аюулгүй байдлыг хангасан, тарифын хөнгөлөлт эдлэхээс өмнө хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний өр төлбөргүй байх шаардлагатай юм.
Хөнгөлөлтөд 130580 айл өрх хамрагдахаас 128509 нь 100 хувь, 2071 нь 50 хувийн хөнгөлөлт эдлэх юм.