Алтны үндсэн хоёр орд, алтны шороон 22 орд, холимог металлын хоёр орд, цагаан тугалга, гянтболдын хоёр орд зэрэг 70 ордын нөөцийг нэгдсэн санд бүртгэсэн байна.
Мөн үеэр Өмнөговь аймгийн Манлай сумын нутагт орших Хармагтайн ордыг Оюу толгойн ордтой тэнцэх хэмжээний том орд хэмээх мэдээлэл тархаад байгаа талаар сэтгүүлчид Ашигт Малтмал, Газрын Тосны Газрын дарга Б.Баатарцогтоос тодруулсан юм.
Тэрээр "Хармагтайн зэс, алтны ордыг нээхээр 1993 онд 100 хувь Канадын хөрөнгө оруулалттай компани хайгуул хийж эхэлсэн. 2002 онд “Айванхоу” өөрийн охин компани "Оюут Улаан"-д шилжүүлсэн. 2013 оны есдүгээр сарын 27-нд тухайн талбайн нөөц нь тогтоогдож А буюу ашиглалтын лицензтэй болсон. Ордын нөөцийг Эрдэс, баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлж батлуулснаар бодитой боломжит буюу ABC зэрэглэлээр 86 сая тонн хүдэр, үүнээс алтны нөөц нь 38.4 тонн, зэсийн нөөц нь 348 мянган тонн гэж бүртгэгдсэн. 2013 оноос хойш тухайн талбайд ашиглалтын үеийн нэмэлт хайгуулын ажил хийж байгаа.
Тухайн компани саяхан Хөрөнгийн бирж дээр хайгуулын ажлын үр дүнг мэдээлсэн. Хайгуулын ажлын үр дүнгээр нөөц баялаг нь тодорхой хэмжээнд нэмэгдэж байгаа. Үүнийгээ ойрын хугацаанд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр оруулах биз ээ. Тус ордыг Оюу толгойгоос том, дэлхийн хэмжээний орд гэж ярьж байна. Өнөөдрийн тогтоогдсон нөөцөөр бол алтны нөөц нь 38 тонн байгаа. Гэтэл Оюу толгойн ордын алтны нөөц 1,800 тонн.
Зэсийн нөөц нь 348 мянган тонн байхад Оюу толгойн ордынх 40 сая тонн. Тиймээс дээрх тооноос ямар хэмжээний орд вэ гэдэг нь тодорхой юм.Мэдээж хэрэг хайгуулын ажил өрнөж байгаа учраас нөөц нь нэмэгдэнэ" хэмээв.