Нийслэлд хоёр өдөр дарааллан цас орсоноос болж ёстой л тэшүүртэй хүн л унаж гэмтэхгүй байхаар болчихоод байна. Тиймээс ч эдгээр өдүрүүдэд нийслэлчүүд бүх нийтээрээ цас цэвэрлэгээний ажилд хамцуй шамлан ороод байгаа. Тухайлбал, иргэдийн бүлгийн 400 гаруй хүн, цас цэвэрлэгээний 30 гаруй машин механизм уртасгасан цагаар ажил хийж байгаа. Мөн байгууллага бүр ойр орчмын газраа цэвэрлэж байна. Гэсэн хэдий ч иргэд явганаас унаж бэртэж, маш олон тооны машин мөргөлдөж, осол гаргасаар байна.
Мэдээж дэрсэн шүүр, хүрзнээс өөр зэвсэггүй ТҮК-ийн ажилчид одоог болтол зам, талбайн цас мөсийг арилгаж дуусаагүй л байна. Хэрвээ сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй байсан бол аль хэдийн цас, мөсний цэвэрлэгээний ажлын ард гарчихсан байх байлаа. Гэтэл хотын дарга маань "Аз жаргалтай Улаанбаатар" хөшөө босгож, “Улаанбаатар” үсгэн хэлбэрт бэлгэ тэмдэг сүндэрлүүлэн тууз хайчилж байхаар хатуу өвөлдөө даацтайхан бэлдэхгүй яав даа гэх иргэд олон байна. Өөрөөр хэлбэл, элдэв хөшөө дурсгал босгож байхын оронд ТҮК-ийн ажилчдыг арай дөнгүүр зэвсэгтэй болгох асуудалд санаагаа чилээсэн бол дээр байж дээ. Хатуухан өвлийн эхний шалгалтад "Аз жаргалтай Улаанбаатар"-ын удирдлагууд багаараа уналаа. Энэ өвөл хэдэн удаа ингэж өвлийн шалгалтад унаж, хэчнээн иргэн бэлтэж, гэмтэж, эд хөрөнгөөрөө хохирох юм бол доо.