Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмэн-ийг хүлээн авч уулзлаа.
Азийн Хөгжлийн Банк манай улсын бүхий л салбарт, түүн дотроо улс орны эдийн засгийн суурь салбар болох хөдөө аж ахуйн салбарыг сэргээн хөгжүүлэхэд зээл, буцалтгүй тусламжаар мөн зудын хүндрэлийг даван туулахад дэмжиж ирсэнд манай малчид, тариаланчид талархалтай байдгийг Сайд Б.Батзориг онцлон хэллээ. Монгол Улс хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбар тэр дундаа жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих замаар ажлын байр бий болгох, экспортыг нэмэгдүүлэх, усалгаатай газар тариалан, хүлэмжийн аж ахуй болон мал аж ахуйг хөгжүүлэх асуудал дээр онцгой анхаарч, хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг илэрхийлсэн.
Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмэн салбарын бодлоготой уялдуулан хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарын хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх, төслийн үр өгөөжийг илүү сайжруулах тал дээр анхаарч ажиллана гэдгээ илэрхийлсэн. Мөн хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх тал дээр дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаа мэдэгдсэн юм.
Уулзалтын төгсгөлд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар дахь хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч ажиллах болно гэдгээ ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг илэрхийлсэн юм.