Төсвийн байнгын хороо Eрөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүйгээр шийдвэрлэв

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар төсвийн тодотголд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж, хүлээж авахгүйгээр шийдвэрлэв.

Уг хоригийн талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулсан бөгөөд асуулт асуух гишүүн байсангүй. Харин УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Ж.Батзандан нар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй гэсэн байр сууриа илэрхийлэв. Ингээд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэсэн саналын томъёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 84.2 хувь нь дэмжив.

Үргэлжлүүлэн ирэх оны төсөвтэй хамт өргөн мэдүүлсэн 15 хууль, УИХ-ын тогтоолын хоёр төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Ажлын хэсэг болон Байнгын хороодоос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Мөн энэ үеэр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Л.Энх-Амгалан, Д.Тэрбишдагва, Ж.Мөнхбат. Б.Чойжилсүрэн нарын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн хувьд ашигт малтмалын газрын лиценз, газрын наймааг ил тод болгож, татварын орлогыг нэмэгдүүлэхийг дэмжиж байгаа ч газрын лицензээ зарж, борлуулахад төлөх татварын хувь хэмжээ өндөр байгааг анхааруулж байв.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Засгийн газрын зүгээс ашигт малтмалын лиценз, газрын наймаатай холбоотой татвараас зугтаадаг, далд явагддаг худалдааг ил тод болгохыг зорьсон. Одоо мөрдөж байгаа холбогдох хуульд 30 хувь гээд татварын хувь хэмжээг заасан байгаа. Засгийн газрын зүгээс энэ хувь хэмжээг 10 болгох санал гаргавал дэмжихэд бэлэн байна. Энэ асуудалд иргэдийн 0.7 га газрын өмчлөх, эзэмших эрхийг ах дүү, хамаатан садандаа бэлэглэх, шилжүүлэх асуудлыг хөндөөгүй. Зөвхөн аж ахуй нэгжийн үйл ажиллагаатай холбоотой гэдгийг онцгойлон анхааруулж байв. Иймд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагасан хуулийн төслүүдийн талаар зарчмын зөрүүтэй саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Ингээд ирэх оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг хийсэн талаарх Төсвийн байнын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.