Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөлийн хурлаар нийслэлийн Засаг дарга С.Батболд “Хүүхдээ сонсох өдөр”-ийг бий болгох тухай тогтоолын төслийг танилцуулж 100 хувийн саналаар баталлаа.
Ингэснээр тогтоолын дагуу жил бүрийн тавдугаар сарын сүүлийн 7 хоногийн лхагва гарагийг “Хүүхдээ сонсох өдөр” болгон тэмдэглэхээр болж байна.
Энэ үеэр хотын дарга “Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөлийн 2 дугаар хуралдаанаар жил бүрийн тавдугаар сарын сүүлийн 7 хоногийн лхагва гаригийг “Хүүхдээ сонсох өдөр” болгосныг албан ёсоор зарлаж байна. Энэ тогтоолын дагуу дүүрэг бүрийн Хүүхдийн зөвлөлийн дарга нарт “Хүүхдээ сонсох өдөр”-тэй болохыг үүрэг болгоно. Харин уг өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын зохион байгуулалтыг нийслэлийн Гэр бүлийн хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзийд даалгаж байна. Хүүхдээ сонсч, тэдний дуу хоолойг хүндэтгэнэ гэдэг бидний ажлын үр дүнтэй шууд холбоотой. Хүүхэд рүү чиглэсэн хөрөнгө оруулалт, бодлогын зөв бурууг хүүхдүүд өөрсдөө дүгнэж хэлбэл бид ажлынхаа үр дүнг бодитоор харна” хэмээн онцлов.
Хүүхдийг ивээх сангийн Хүүхдийн эрхийн засаглал хөтөлбөрийн зохицуулагч Э.Цолмон “Хүүхдийн үзэл бодолтой байх, санал бодлоо илэрхийлэх эрх нь бүх орчинд хэрэгжих ёстой. Хүүхдэд нөлөөлөх бүхий л асуудлаар тэдний санал бодлыг сонсож үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэх нь насанд хүрэгчдийн үүрэг, хариуцлага юм. Хүүхдүүд эрхээ мэдэж, зөрчлийг хэрхэн шийдвэрлэх талаарх саналаа илэрхийлэх нь ардчилсан нийгэмд байх ёстой энгийн соёл юм” гэлээ.
Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий “Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан 2 дугаар хуралдаанаа өргөтгөсөн хэлбэрээр хийлээ. Хуралд Хүүхдийг ивээх сангийн Монгол дахь захирал Мицуаки Тоёода болон ТББ, судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн төлөөлөл оролцсоноороо онцлог болов. Хүүхдийн санал бодлыг сонсдог өдөртэй болсноор ганцхан өдөр дуу хоолойг сонсоод зогсохгүй тэдэнд чиглэсэн хөрөнгө оруулалтаас эхлээд маш олон зүйлийг шийдэхэд дөхөм болно. Монгол Улсын хүн амын тал хувь нь нийслэлд амьдардаг. Үүний 30 хувь нь буюу 450 мянга гаруй нь хүүхэд. Ингээд харахад бид хүүхдүүддээ илүү анхаарч ажиллах нь чухал юм. Хүүхдийн эрх нийгмийн аль ч хэсэгт зөрчигддөг. Эрх нь зөрчигдсөн хүүхдүүдэд эрх, үүргийг нь таниулах, багш сурган хүмүүжүүлэгчдийн дунд сургалт зохион байгуулах зэрэг ажлыг манай байгууллагын зүгээс төлөвлөгөө гарган хийж байна. Мөн 152 хороонд эрсдлийн программыг ажиллуулж байгаа” хэмээв.