“Засгийн газар Оюутолгойн 34 хувийг Рио-Тинтод зарсан" гэх гадуур тархаж буй мэдээлэлд ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат тайлбар хийлээ.
Тэрбээр, "Оюутолгойд эзэмшиж буй 34 хувь Монголын мэдэлд байгаа. Засгийн газраас Оюутолгойтой холбоотой ямар нэг шийдвэр гаргаагүй. Энэ хувийг зарахтай холбоотой ямар нэгэн асуудал яригдахад хүрвэл УИХ-аар эцсийн шийдвэр гарах учиртай. Ийм байхад илт гүжирдсэн, Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байгаатай холбогдуулан нийгэмд сөрөг буруу ойлголт өгөх гэсэн, үүгээрээ далимдуулж Засгийн газар, эрх барьж байгаа нам руу дайралт хийх гэсэн ийм мэдээллийг зарим цахим хаяганд нийтэлж байна. Энэ нь ор үндэслэлгүй, худал мэдээлэл.
Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхлэх хуулийн хугацаа ойртох тусам энэ мэт гүтгэлэг, дайрсан мэдээлэл, хэвлэл мэдээлэл болоод олон нийтийн сүлжээгээр хуурамч мэдээлэл цацах явдал газар авч байна. Энэ асуудлыг Засгийн газар анхааралдаа авч арга хэмжээ авна.
Рио-Тинтогийн 34 хувийг зарсан, халамжид мөнгийг нь тараана, түүгээрээ МАН сонгуулийн зардлаа хийж мөнгө цацах нь гэсэн мэдээлэл нь ор үндэсгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна" гэв.