Ирэх 2018 оны 6-р сард 3x3 Сагсанбөмбөгийн ДАШТ болно. Филиппиний Манила хотод болох уг тэмцээнд Монголын шигшээ баг анх удаа оролцохоор болжээ. Өнгөрсөн сард эх орондоо зохион байгуулагдсан Ази тивийн АШТ-нд гайхалтай тоглож түрүүлсэн залуусын хувьд ОУСБХ-ноос зарласан 20 багийн тоонд багтсан байна.
Анх 2012 онд Грекийн Афин хотод болж байсан 3x3 Сагсанбөмбөгийн ДАШТ жил бүр зохиогддог бөгөөд өнгөрсөн жил эрэгтэйчүүдийн төрөлд Сербийн шигшээ баг түрүүлж, Нидерланд, Францын багууд медаль хүртэж байсан аж.
Тэмцээнд оролцогч 20 баг тав таваараа 4 хэсэгт хуваагдан өрсөлддөг бөгөөд хэсэг тус бүрээс эхний 2 байраар шалгарсан багууд хасагдах шатанд өрсөлдөх эрхтэй болдог аж. Мөн уг тэмцээний үеэр ур чадварын болон цагираган дээрээс довтлох тэмцээнүүд болдог уламжлалтай.