УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа МАН-ын даргад өрсөлдөх болсноо албан ёсоор өнөөдөр зарлалаа. Энэ сарын 20-22-нд улс төрийн ууган хүчин МАН-ын XXVIII их хурлаа хийхээр товлосон бөгөөд намын даргад өрсөлдөх эрхмүүд ил, далдуур өөрсдийн санаа, санаархлаа илэрхийлэх болсон.
Тэдний нэг нь эрхэм гишүүн Д.Хаянхярваа юм. Түүний тухай хэвлэлээр, "М.Энхболд намын даргын суудал, өөрийн ажлын халаагаа түүнд өгөх хүсэлтэй байна” хэмээн бичиж байсан нь өнөөдөр ийнхүү батлагдаж байх шиг.
2004 онд Дархан-Уул аймгийн Засаг даргаар сонгогдон ажиллаж эхэлснээс хойш түүний улс төрийн карьер зогсолтгүй өссөн байдаг. 2008 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож өнөөдрийг хүртэл иргэдийн итгэлээр саарал ордонд сууж байна.
Тэрээр 2010 онд УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга, 2012 онд Сангийн сайдаар ажиллаж байсан туршлага бий. Одоо Д.Хаянхярваа МАН-ын бүлгийн даргаар ажилладаг юм.