Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар өнөөдөр НҮБ-ын суурин төлөөлөгч Беате Транкманыг хүлээн авч уулзлаа.
НҮБ-аас Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд тулгарч байгаа зарим бэрхшээлийг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхээр Ажлын хэсгээ ирүүлж байгаад сайд Г.Занданшатар талархал илэрхийлэв.
Мөн эдийн засаг, нийгмийн өнөөгийн байдал, Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, үр дүн, тулгарч байгаа зарим асуудлын талаар товч танилцууллаа.
Эдийн засаг, нийгэм, байгаль орчин гэсэн үндсэн гурван хэсгээс бүрддэг Тогтвортой хөгжлийн зорилтуудыг Монгол Улс анхаарч үр дүнд хүрч байгааг Суурин төлөөлөгч Беате Транкман тэмдэглэв. Олон салбар, өргөн хүрээг хамардаг энэ зорилтын хүрээнд цаашид салбар хоорондын уялдаа холбоог хангах, бодлогоор зангидах шаардлага байна гэлээ.
НҮБ-ын Ажлын хэсэг “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-д тусгасан зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр Засгийн газартай бодлогын асуудлаар санал солилцож, тодорхой санал дэвшүүлэх юм.