Л.Болд: Намайг гэрчээр дуудсан

УИХ-ын гишүүн Ж.Батзанданг өчигдөр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатын өрөөнд ТЕГ-ын дарга асан Б.Хурц сүрдүүлсэн талаар олон нийтэд мэдээлэл цацагдаад байгаа. Тиймээс ч УИХ-ын гишүүн Ж.Батзандан УИХ-ын даргад төрийн хамгаалалтад орох хүсэлтээ хүргүүлсэн билээ. Тэрбээр "УИХ дахь АН-ын дарга Д.Эрдэнэбатын өрөөнд байхад нь Б.Хурц “Ж.Батзандан чи аятайхан байгаарай. Үгүй бол орон дотор чинь хүнээр хорлуулж, алж чадна шүү” хэмээн дарамталсан. Үүнийг АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат болон Л.Болд нар сонссон. Тиймээс манай гэр бүл болон миний амь насыг хамгаалалтад авч өгнө үү" хэмээсэн. Тэгвэл энэ асуудлыг УИХ-ын гишүүн Л.Болдоос тодрууллаа. Тэрбээр "Намайг гэрчээр дуудсан. Би гэрчийнхээ хувиар асуудалд хандаж, мэдүүлэг өгөхдөө юу болсон талаар хэлнэ. Тэрнээс өмнө хэвлэлд тайлбар хэлэх боломжгүй байна. Гэрчийнхээ мэдүүлгийг өгөөгүй байж тайлбар, мэдээлэл хийх боломжгүй. Бид  бүлгийн даргын өрөөнд Тусгай хяналтын хорооны зохион байгуулалтыг яах вэ гэдэг асуудлаар ярилцах гэж байсан. Тухайн үед Б.Хурц орж ирсэн. Түүнийг дуудсан эсэх талаар бүлгийн даргаас асуух хэрэгтэй. Харин биднийг бүлгийн дарга дуудсан юм. Б.Хурц Ж.Батзандан гишүүнийг заналхийлсэн асуудал хуулийн дагуу  тодорхой болох байх" гэсэн тайлбар өгсөн юм.