Гүүрэн гарц барихаар моддыг тайрч хаясан гэнэ

Сүхбаатар дүүргийн Олимпийн гудамж дагуух модыг тайрсан асуудлаар холбогдох албаныхан тайлбар хийлээ. Замын цагдаагийн газрын ойролцоо барих гүүрэн гарцны ажилтай холбоотой зам чөлөөлөх ажлыг хийх үүднээс дээрх моднуудыг тайрсан аж.

Монгол Улс болон БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Замын цагдаагийн ойролцоо гүүрэн гарц барих ажил 2016 оны арваннэгдүгээр сард эхэлжээ. Уг гүүр нь дөрвөн эгнээтэй мөн хоёр туслах замтай байх юм байна.

Туслах зам тавих хэсэгт олимпийн гудамжны мод байгаа тул дээрх моднуудыг зайлшгүй тайрах шаардлага тулгарсан аж. Монгол Улс уг гэрээнд тус гүүрийг барихад шаардлагатай газар чөлөөлөлт, болон нүүлгэн шилжүүлэлтийг хариуцах ёстой юм байна. Үүний дагуу гүйцэтгэгч компани өнөөдөр уг моднуудыг тайрсан аж. Түүнчлэн уг хэсэгт 154 мод, бут сөөг байжээ.

Үүнээс 107 ширхэгийг өнгөрсөн сарын 31-нд Бээжингийн гудамж болон Хот тохижилтын газрын Мод тохижилтын газар шилжүүлэн суулгажээ. Үлдсэн 47 нь 1970, 1980 оны үед тарьсан, насжилт ихтэй, шилжүүлэх боломжгүй мод байсан аж. Тиймээс тэднийг зайлшгүй тайрах шаардлага тулгарсан гэнэ. Гүүрэн гарц 2019 оны гуравдугаар улиралд ашиглалтад орох бөгөөд иж бүрэн ногоон байгууламжтай байх аж.

Нэг гараараа мод суулгаж нөгөө гараараа суга татаж хаях ямар хэрэг байдаг юм бол. Энэ болохгүй байна одоо бид "мундаг" юм хийнэ гэж өмнөхөө сүйтгэж төрийн мөнгөөр татвар төлөгчдийн мөнгөөр "нааддаг" гажуудал хэзээ дуусах юм бол...