Японы мэргэжлийн сүмо бөхийн 70 дахь их аварга Харүмафүжи Д.Бямбадорж нутагт нэгт залуу бөх Таканойва А.Баасандоржийг зодсоноо хүлээн зөвшөөрлөө гэж “Эн-Эйч-Кэй” телевиз мэдээлэв.
Харүмафүжи Д.Бямбадорж өчигдөр цагдаад байцаалт өгөхдөө “Гэхдээ хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж байгаа шиг би түүнийг шар айрагны шилээр цохиогүй. Нүцгэн гараараа хэд хэдэн удаа цохисон” гэжээ. Мөн тэрбээр Таканойва А.Баасандоржийг зодох үедээ согтуу байснаа хүлээн зөвшөөрсөн байна.
Эх сурвалжуудын мэдээлснээр, Тоттори хотод тойргийн барилдаан хийхээр очоод байхдаа буюу 10 дугаар сарын 25-ны орой Харүмафүжи Д.Бямбадорж Таканойва А.Баасандоржийг “Өөрөөсөө өндөр цолтой, чансаа өндөр бөхчүүдтэй хүндэтгэлтэй харьцсангүй” гэж зэмлэхэд үл тоосон янзтай, утсаараа оролдоод байхаар нь уурлаж, зоджээ.
Энэ хэргийг бид сайтар шалгах болно гэж Японы цагдаа нар “Эн-Эйч-Кэй” телевизэд мэдэгдсэн байна.