МАН-ын 28 дугаар их хурлаас Ерөнхий сайд У.Хүрэлсүх олонхийн саналаар тус намын даргаар сонгогдсон. Тэгвэл намын даргад түүнтэй хамт өрсөлдсөн УИХ дахь МАН-ын дарга Д.Хаянхярваа санал хураалтын дараа үг хэлэхдээ “Бид өнөөдөр эв эеэ ололцсон. Энэ цаг мөчөөс хойш бид эв нэгдлээ эрхэмлэж, МАН гэх их нэрийн дор явах болно.
Журмын нөхөддөө эвгүй үг хэлж байсан бол уучлалт хүсч байна. Намынхаа хамгийн том эрхэм дээд байгууллагын өмнө үг хэлэх гэж байхдаа сэтгэл өвдөж байлаа. Би намын даргад өрсөлдөх чадамжтай юу гэдгээ бодож суухдаа сэтгэл догдолж байлаа.
Энэ цаг мөчөөс эхлээд хэвлэл мэдээллийн элдэв долоон зүйлээ зогсооё. Алдагдсан үнэт зүйлээ эргэж сэргээе. Бидэнд үнэт зүйл гэж бий. Би ахмадаа хүндэлдэг, залуус нэгнээ хүндэлж, хайрладаг, алдаа оноогоо засч залруулдаг байгаасай гэж хүсдэг. М.Энхболд дарга улс төрийн амаргүй ачааг үүрч ирсэн. Танд чин сэтгэлээсээ баярлаж байгаагаа хэлэх нь зүйтэй болов уу. У.Хүрэлсүхэд би итгэж байна.
Эвлүүлж явна гэдэгт бүүр их итгэлтэй байгаа. Унаж доройтсон эдийн засгаа ч сэргээнэ гэж итгэж байгаа. Бид хамтдаа бүтээж, хүрээлж явах ёстой” гэсэн юм. Үнэхээр ч тэрбээр намын даргад нэр дэвшээд догдолж байсан гэдгийг илтгэх олон зураг сошиолд тараад байна. Чин сэтгэлээсээ баярлаж нүдээ аниад шинэ намын дарга У.Хүрэлсүх үнсүүлж, үнсэж байгаа зураг өнөөдрийн фахим ертөнцөд олон хүнийг "хайраар" дүүргэв.
Мөн тэрбээр намын даргад өрсөлдөөд ялагдсан ч "Журмын нөхөддөө эвгүй үг хэлж байсан бол уучлалт хүсч байна" хэмээн ухаарлын уучлалт гуйж буйгаас харахад үнэхээр Д.Хаянхярваа гишүүн "хагартал" баярласан бололтой.