УИХ, Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулагдаж буй АСЕМ-ын орнуудын Боловсролын сайд нарын VI чуулга уулзалтын үеэр БНСУ-ын Шадар сайд бөгөөд Боловсролын сайд Ким Сан Кун-тай албан ёсны уулзалт хийж хоёр улсын харилцаа тэр дундаа боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжуудын талаар санал солилцлоо. Засгийн газар хоорондын гэрээгээр суралцах оюутны тоог нэмэгдүүлэх мөн багш солилцооны хөтөлбөрийг үргэлжлүүлэн хамтарч ажиллах чиглэлээр хоёр тал байр сууриа илэрхийлсэн юм. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурах орчин болоод тусгай мэргэжлийн багш нарыг бэлтгэх чиглэлд туршлага солилцох, Солонгосын боловсролын системийн давуу талуудын нэг болох цахим сургалтыг Монголд нэвтрүүлэхэд хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа илэрхийллээ.