"Шинжлэх ухаан, технологи, инноваци-2017" экспо үзэсгэлэн хоёр өдөр үргэлжилж өнөөдөр /2017.11.23/ шилдгүүдээ тодрууллаа. Шилдэг бүтээлийн эздэд БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Болормаа, ШУТСангийн захирал Д.Энхжаргал, БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга Т.Ган-Эрдэнэ нар шагнал гардуулав.
Тус үзэсгэлэнд нийт 90 гаруй байгууллага 300 орчим бүтээлээрээ оролцсон юм. Эдгээрээс үзэсгэлэнгийн тэргүүн байрын шагналыг С.Батмөнх, Б.Одонхишиг, Б.Жаргалсайхан нар хамтын бүтээлээрээ хүртэв. Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан агаарын бохирдлыг бууруулах эрдэмтдийн багийн зохион бүтээсэн ИЛЧ -2.0 дулааны аккумлятор нь оройн 21.00 цагаас өглөөний 06.00 цаг хүртэл цахилгааныг дулаанд шилжүүлэн хураах аж. Улмаар өдрийн турш цахилгаан хэрэглэлгүйгээр сууцны температурыг 20-24 градуст тогтмол барих зориулалттай юм. Дулааны техник, үйлдвэрийн экологийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, академич, доктор, профессор С.Батмөнх гардлаа.
Энэ удаагийн үзэсгэлэнгийн II байрт Мал, аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэн Ц.Отгоо, Ц.Дэжидмаа, Т.Батсүх, Д.Сангажав нарын зохион бүтээсэн "Уураг, амин дэмээр баяжуулсан эрдсийн шахмал тэжээл" шалгарсан юм. Тус тэжээл нь өвөл, хаврын улиралд даарч, сульдсан малыг өлчиржүүлэх, тэжээлийн шимт бодисын шингэцийг 20-30 хувиар нэмэгдүүлж, зүй бус хорогдол 10.2 хувиар, амьдын жин бууралтыг 12.1-13 хувиар бууруулах аж. Мал, аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, доктор Т.Батсүх шагналыг гардлаа.
“Арьс трейд” ХХК-ийн хэрэгжүүлсэн Ч.Авдай удирдагчтай “Арьс, шир боловсруулах процессуудын орчны хэлбэлзлийг тогтворжуулах дэвшилтэт технологи” шинжлэх ухаан, технологийн төслийн хүрээнд бий болсон бүтээгдэхүүн мөн II байрт шалгарав. Төслийн хүрээнд хром хүнд металл, давс хүчил агуулаагүй химийн материал ашиглан гүн боловсруулах технологиороо ийнхүү дэд байрын шагналыг хүртсэн юм.
Харин III байрын шагналын эзнээр Хими, химийн технологийн хүрээлэнгийн дэргэдэх гарааны “Уужим булган” ХХК-ий Ж.Дугаржав, Д.Алтанхуяг зохиогчтой “Үнэр арилгагч ях бэлдмэл” шалгарав. Тус бэлдмэл цэвэрлэх байгууламжийн лаг, жорлонгийн эвгүй үнэрийг арилган, хоргүйжүүлэх үйлдэлтэй аж. Мөн III байрт Физик, технологийн хүрээлэнгийн П.Золбаяр, Ч.Баясгалан, Г.Бат-Эрдэнэ, У.Батхишигт, М.Бат-Орших зохиогчтой “Усан халаалтын зуухны автомат хяналт, удирдлагын систем” бүтээл шалгарсан юм. Энэ нь Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхөөс үүдэлтэй утаат агаарын бохирдлыг бууруулах зорилготой зохион бүтээсэн усан халаалтын зуухыг бүрэн автоматжуулсан техник-программын хосолсон биет бүтээл юм.
Тусгай байрын шагналын эзнээр ХСИС-ийн Эрдэм шинжилгээ, хөгжлийн хүрээлэнгээс хэрэгжүүлсэн доктор Б.Бат-Эрдэнэ удирдагчтай “Гэмт хэргийн статистикийг боловсронгуй болгох” шинжлэх ухаан, технологийн төслийн хүрээнд судлаач Б.Мөнхдоржийн боловсруулсан “Хорих ялыг дүйцүүлэн хасч тооцоход хэрэглэх математик, статистикийн аргачлал” бүтээл шалгарав. Тус бүтээл нийгмийн инноваци хэлбэрээр хууль зүйн шинжлэх ухаан, шүүхийн практикт нэвтрээд байна. Үүний дагуу 2017.07.01-05-ны хооронд шүүхээс нийт 3075 ялтны хорих ялыг дүйцүүлэн хасчээ. Эрдэм шинжилгээний ахлах ажилтан, хошууч Б.Мөнхдорж шагналыг гардсан юм.