Татвараас зайлсхийх явдлыг таслан зогсоох зорилгоор Европын Холбооны /ЕХ/ гишүүн улс орнуудын Сангийн сайд нар “татварын диваажин” болоод буй 17 улс орон болон засаг захиргааны тусгай бүс, тэдгээрийн дотор Монгол болон Өмнөд Солонгосыг хамруулсан хар жагсаалтыг гаргасан тухай “Би-Би-Си” телевиз мэдээллээ.
Дэлхийн олон улс орны компаниуд болон баян чинээлэг эрхмүүд татвараас зайлсхийхийн тулд мөнгөө хадгалуулдаг оффшор бүсийн тухай мэдээлэл бүхий “Панамын баримтууд” болон “Диваажингийн баримтууд” нийтэд дэлгэгдсэнтэй холбоотойгоор ЕХ-ны тусгай ажлын хэсэг энэ оны хоёрдугаар сараас оффшор бүстэй холбоотой асуудлыг судалсны эцэст мягмар гарагт буюу өчигдөр дээрх жагсаалтыг гаргасан байна.
Компаниуд болон иргэд нь оффшор бүсэд мөнгөө хадгалуулан татвараас зайлсхийж байсан нь илэрсэн 92 улс орон болон засаг захиргааны тусгай бүсийг татварын тогтолцооны ил тод байдал, татварын хувь хэмжээ болон тэг хувийн /0%/ татвар ногдуулах зэргээр үндэстэн дамнасан корпорациудыг “өөгшүүлдэг” эсэх зэрэг шалгуураар судалснаар 17-г нь хар жагсаалтад оруулжээ.
Ингэснээр эдгээр газар нь ЕХ-ны санхүүгийн зэх зээлд хандах эрхгүй буюу тус холбооноос ямар нэгэн санхүүжилт болон хөрөнгө оруулалт авах боломжгүй болж байна. Харин татварын орчноо шинэчлэх амлалт өгч, уг амлалтаа ажил хэрэг болгосноор хар жагсаалтаас гарах боломжтой аж.
Хар жагсаалтад багтсан 17 улс орон ба газар нутаг
- Америкийн Самоа
- Бахрейн
- Барбадос
- Гренада
- Гуам
- Өмнөд Солонгос
- Макао
- Маршаллын арлууд
- Монгол
- Намиби
- Палау
- Панам
- Сэйнт Лусиа
- Самао
- Тринидад-Тобаго
- Тунис
- АНЭУ
Татварын тогтолцоогоо шинэчлэхгүй бол хар жагсаалтад багтсан улс орон болон газар нутгийн эсрэг “хатуу арга хэмжээ” авахыг ЕХ гишүүн улс орнууддаа уриалсан байна.