Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Монгол хүүхдүүд” ёслолын арга хэмжээг нийслэлийн ЗДТГ-аас их жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит төв талбайд зохион байгууллаа.
Нийслэлийн хүүхэд багачууд, үлгэрийн баатруудын сүрт жагсаал төв талбайд жагсан орж ирснээр баярын арга хэмжээ эхэлсэн. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нийт хүүхэд багачууддаа хандаж баярын мэнд хүргэсний зэрэгцээ хамгийн сайн сайхан бүхнийг хүслээ.
Тэрбээр, “Миний хувьд ч хүүхдийн баяр бол хамгийн сайхан дурсгалтай баяр байсаар ирсэн. Нийслэлийн төр, захиргааны байгууллагын зүгээс хотоо “Аз жаргалтай Улаанбаатар” болгох зорилт тавьж, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна. Хотын даргын тухайд Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөлийн даргын албыг хашдаг. Тийм ч учраас хүүхдүүд сурч боловсрох, эцэг эх, сурган хүмүүжүүлэгчтэйгээ нягт хамтран ажилладаг орчныг бүрдүүлэхийн төлөө чармайн ажиллаж байна.
Засаг даргын мөрийн хөтөлбөртөө цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ аюулгүй, хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэх ажлуудыг тусган хэрэгжүүлж эхэлсэн. Энэ онд гэхэд нийслэлийн төсвийн хөрөнгөөр 7 сургуулийн барилга шинээр барьж, осол аваарын эрсдэлтэй 16 сургуулийн гаднах орчныг тохижуулж, хурд сааруулагч тавьж байгаагийн зэрэгцээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг жирийн хүүхдүүдтэй хамт суралцах нөхцлийг бүрдүүлэхээр 3 сургууль дээр хийж байна.
Хотын удирдлагуудын хувьд нэг ч хүүхэд сургууль цэцэрлэгээс завсарддаггүй байх явдал юм. Мөн нийт хүүхдийг төрийн болоод эцэг эхийн хайр халамжинд өсч бойждог байхаар хичээж ажиллаж байна. Түүнчлэн 3 ээлжээр хичээллэж буй сургуулиудыг 2 ээлжинд шилжүүлнэ гэдгээ хэлэхэд таатай байна.
Олон улсын хүүхдийн баярын өмнө нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөл хуралдаж, хот анх удаа "Хүүхдээ сонсдог өдөр"-тэй боллоо. Жил тавдугаар сарын сүүлийн 7 хоногийн лхагва гаригт хүүхдийнхээ санал хүсэлтийг сонсож байх юм. Ганцхан өдөр та бүгдийн үгийг сонсох биш, өдөр бүр хотын даргын хувьд санал хүсэлтийг хүлээн авч байх болно" гэв.
Төв талбайд урлаг соёлын оддын мэндчилгээ, нийслэлийн дүүргүүдийн соёлын ордон, ерөнхий боловсролын сургуулийн дугуйлангийн сурагчдын тоглолт, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газрын танилцуулга тоглолт зэрэг олон арга хэмжээ болж байна.
Баярын арга хэмжээнд Шадар сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, НИТХ-ын дарга Ц.Сандуй, нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр, Ш.Анхмаа, НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр нар оролцов.