Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2017-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хотыг Зүүн хойд Азийн аялал жуулчлал, бизнесийн төв болгох зорилтыг тусгасан. Энэхүү зорилтын хүрээнд Сөүлийн гудамжийг автомашингүй, шөнийн гэрэлт гудамж болгон тохижуулсан. Энэхүү гудамж зуны улиралд ёстой л залуусын хөлд дарагдаж байсан. Тэгвэл хүйтний улирал эхлээд нам гүм болсон. Харин энэ сарын 15-17-ны өдрүүдэд 10:00-22:00 цагийн хооронд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Шөнийн гэрэлт гудамжинд “Зул сарын баярын худалдаа”-г зохион байгуулахаар болжээ. Эдгээр өдрүүдэд олон нийтэд зул сар, шинэ жилийн баярын холбогдолтой тоглоом, гацуур мод, бэлэг дурсгал, гэрэл чимэглэл, хувцас хэрэглэл гэх мэт худалдаа үйлчилгээгээр үйлчлэх юм байна.