Сүрьеэ гэдэг ямар өвчин болох, сүрьеэгийн халдвар авсан хүн өвчлөх шалтгаан, голчлон гэмтдэг эрхтэн нь уушиг, өвчилсөн үед ямар шинж тэмдэг гардаг тухай эхний ярилцлагуудаас та ойлгож авсан байх. Тэгвэл одоо сүрьеэ өвчнийг шинжлэх хямд, найдвартай аргын тухай ярилцъя. Ханиалгаж байгаа хүний цэрэнд сүрьеэгийн нян хайх шинжилгээ нь уушигны сүрьеэг найдвартай оношлох хямд шинжилгээ юм. Уг шинжилгээг хийхийн тулд 24 цагийн дотор өвчтөний цэрийг 2 удаа тусгай саванд авна. Шинжилгээ өгөхийн өмнө амаа буцалсан усаар зайлан цээжний гүнээс хахирч ханиалган цэрээ гаргах хэрэгтэй. Хэрэв цэрэнд сүрьеэгийн нян илэрвэл эмч нар “түрхэц эерэг” байна гэж хэлдэг ба энэ нь та сүрьеэгээр өвчилсөн төдийгүй халдвар тарааж байгааг хэлж байгаа юм. Цэрний шинжилгээг оношлогоонд хэрэглэхээс гадна эмчилгээний үр дүнг хянах зорилгоор эмчилгээний тодорхой саруудад хийдэг.
Мөн өсгөвөрлөх шинжилгээ, гэрлийн шинжилгээ, хүүхдэд туберкулины сорилын шинжилгээг оношлогоонд хэрэглэдэг.
Цэрний түрхэцийн шинжилгээний арга нь халдвартай сүрьеэг илрүүлж өвчтөний эмчилгээг хянаж эдгэрсэн эсэхийг тодорхойлох гол арга юм.