Улсын Онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал,тэргүүтэй шуурхай бүлэг баруун болон төвийн аймгуудын өвөлжилтийн нөхцөл, байдал, мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх,өвс тэжээлийн хангамж хүрэлцээтэй газар дээр нь танилцах, аймаг, орон нутагт тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, өвөлжилтийн нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, гамшгаас хамгаалах улсын албадын бэлтгэл, бэлэн байдлыг шалган үүрэг чиглэл өгөх зорилгоор орон нутагт ажиллаж байна.
Тодруулбал, өнөөдөр Өвөрхангай аймагт ажиллаж, аймгийн Онцгой комиссын хурлыг хуралдуулж, өвөлжилтийн нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцож яаралтай авах зарим арга хэмжээг авлаа.
Өвөрхангай аймгийн хувьд 16087 малчин өрхөд нийт 5.7 сая толгой мал өвөлжиж байгаа, нийт нутгийн 95 орчим хувьд цасан бүрхүүл тогтож, цасны зузаан 25-45см, хунгарласан газар, гуу жалгандаа 90-150 см байна
Улсын төсвийн тодотголоор өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэхээр 432 сая төгрөгийн санхүүжилтээс сум бүрд 15.9 сая төгрөгийг буюу нийт 302.1 сая төгрөгийг олгож, үлдэгдэл 121 сая төгрөгөөр аймгийн аюулгүйн нөөцийг бүрдүүлэх ажлыг зохион байгуулжээ. Мөн зарим аймгуудад өвөлжилтийн нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байгаа тул мал тэвээргээ алдахаас урьдчилан сэргийлж малчдын гарт өвс тэжээл хүргэх зорилгоор улсын нөөцийн салбар, цэгүүдэд хадгалагдаж байгаа 8000 тонн өвсийг үнэгүй, 6500тонн малын тэжээлийн үнийг 50 хувь хямдруулан малчид, иргэдэд хуваарилан олгох шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэсэн. Энэ дагуу Өвөрхангай аймагт 550 тонн өвсийг үнэгүй, 500 тонн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгохоор шийдвэрлэсэн байна.